ОХУ-д шатахуун хомстож хязгаарлалт тогтоож эхэлжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
41 минутын өмнө

Оросын газрын тос боловсруулах үйлдвэр болон түүнтэй холбоотой барилга байгууламжууд рүү чиглэсэн дронын халдлага эрчимжиж байгаагаас шалтгаалан шатахууны хомстол нүүрлэлээ. Оросын хэвлэлүүд үүнийг “шатахууны хомстлын хоёр дахь давлагаа” гэж тодорхойлж байна.

Энэ цаг үетэй холбоотойгоор Москва болон түүний ойр орчмын бүс нутгуудад шатахууныг хязгаартайгаар олгож эхэлжээ. Тухайлбал “Газпром” компанийн ШТС-ууд шатахууны худалдан авалтын дээд хязгаарыг хэрэглэгч бүрд 60 литр байхаар тогтоожээ. Уг нь энэ сарын эхээр Газпром компани ОХУ-ын 13 мужид тогтоосон хязгаарлалтаа сулруулаад байсан билээ. Мөн “Татнефть” компани Москва дахь ШТС-уудынхаа сүлжээнд ердийн бензинийг 50 литр, дизелийн түлшийг 60 литр байхаар хязгаарлалт тогтоожээ.

Украины арми хэдэн сарын турш Оросын газрын тосны байгууламжууд руу дронын халдлага үйлдсэнтэй холбоотойгоор ОХУ-ын хэдэн арван муж энэ зун түлшний хомстолд орсон. Ялангуяа Сибирь болон Алс Дорнодын бүс нутагт бензиний хомстол бүрэн арлаагүй байгаа. ОХУ-ын хяналт тогтсон Крымд ч нөхцөл байдал сайнгүй байгаа юм.

ОХУ-ын тухайд дотоодын нийлүүлэлтээ хамгаалахын тулд 2026 оныг дуустал шатахуун, дизелийн түлшний экспортод түр хориг тогтоосон юм. Улмаар энэ хоригыг 2027 оны нэгдүгээр улиралыг дуустал сунгаад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.47.3) 26 минутын өмнө

бүгдээрээ машинаа зараад автобусаараа явж бно.

0  |  0
Top