Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт идлэг шонхор шувуу барихаар ирсэн гадаадын иргэд болон нутгийн иргэдийн хооронд маргаан үүсэж, улмаар Монгол Улсын нэг иргэн автомашинд дайруулж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлэгдээд байна.
Уг хэрэгт гадаадын иргэн холбоотой байж болзошгүй бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Хэргийн нөхцөл байдал, буруутай этгээдийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд эцэслэн тогтооно.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баянхонгор аймгийн Засаг дарга захирамж гаргаж, аймгийн нутаг дэвсгэрт идлэг шонхор шувуу барих үйл ажиллагааг зогсоож, холбогдох зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргажээ.
Тус шийдвэрийг дахин эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан байна.
Захирамжийн хүрээнд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт отог байгуулан идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулж байсан гадаадын иргэд болон тэдний тээврийн хэрэгслүүдийг аймгийн Цагдаагийн газар, холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн хяналт дор нутаг дэвсгэрээс гаргаж, Улаанбаатар хотын чиглэлд явуулж байгаа аж.
Одоогоор Бууцагаан суманд болсон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )