Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв

8 минутын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Гелсомина Виглиоттитой уулзлаа. Уулзалтаар хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөрүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Европын хөрөнгө оруулалтын банк нь эрчим хүч болон бусад хөрөнгө оруулалтын салбарт асар их туршлагатай. Тийм учир Улаанбаатар хотын ногоон эрчим хүчний салбар болоод бүс нутгийн хүрээнд байгуулахыг хүсэж буй мод тарих сүлжээ төсөл, гэр хорооллыг нүүрснээс цэвэр, хүртээмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй халаалтын шийдэлд шилжүүлэх үйл явцад хамтран ажиллах хүсэлтэй байна. Энэ нь эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, хотын тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх боломж юм.

 

COP17-ийн хүрээнд баталсан “Улаанбаатарын тунхаглал” болон дэвшүүлсэн “Улаанбаатарын санаачилга” нь хуурай, гандуу, эрс тэс уур амьсгалтай хотуудын газрын доройтол, усны аюулгүй байдал, хот хөдөөгийн экосистемийн уялдаа, хотуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой. Улаанбаатар хот энэ санаачилгыг зөвхөн дотоодын төсөл биш, бүс нутгийн болон дэлхийн түвшний хотуудын хамтын ажиллагааны платформ болгон хөгжүүлэхийг зорьж буй. Үүнд Европын Холбоо болон ЕХОБ-ны дэмжлэг чухал юм” хэмээлээ.

 

Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Гелсомина Виглиотти дээрх саналуудыг анхааралдаа авч, цаашид үргэлжлүүлэн судална гэдгээ илэрхийлэв. Тэрбээр “Европын хөрөнгө оруулалтын банкны Монгол Улс дахь үйл ажиллагааг хариуцан ажилладаг албан тушаалтанд таны саналуудыг уламжлах болно. Ингээд техникийн түвшний мэргэжилтнүүдтэй хамтран таны саналыг дэмжин ажиллаж, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар ярилцахаар уулзана гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top