Канад Европын Холбоотой харилцаагаа бэхжүүлэх хэлэлцээ хийнэ

Я.Болор | Zindaa.mn
13 минутын өмнө

Канадын эрх баригчид Европын Холбоотой эдийн засаг, аюулгүй байдлын салбарт харилцаагаа бэхжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна гэж Канадын ерөнхий сайд Марк Карни мэдэгджээ.

Түүний хэлснээр, Канадын компаниуд 1.5 тэрбум хэрэглэгч бүхий зах зээлд татваргүй нөхцөлөөр нэвтрэх эрх эдэлдэг. Ирэх хагас жилд тус улс АСЕАН-ы орнууд болон Энэтхэг улстай худалдааны гэрээ хийх замаар хэрэглэгчдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж байна.

АНУ-ын төлөөлөгч Жеймисон Грир өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ Оттава хоёр талын ашигтай хэлцлээс татгалзсан хэмээн онцолсон билээ. Үүнээс улбаалан энэ сарын 22-нд Канадын тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулах шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Карнигийн зүгээс АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээг түр зогсоох шийдвэр гаргаснаа нотолсон юм. Тэрбээр Оттава хариу татвар ногдуулахаа мэдэгдэж ирэх есдүгээр сарын 8-аас эхлэн хэрэгжиж эхэлнэ хэмээн онцолсон байна. Карни АНУ, Канадын хооронд худалдааны дайн эхэлсэн тухай мөн онцлоод энэхүү дайныг Вашингтон эхлүүлж байгааг илэрхийлжээ.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтон ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн Канадын автомашин, эд анги болон ган төмөрт 50 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top