Энэ намар 1.2 сая орчим тонн ургац хураан авах урьдчилсан төлөв гарлаа

Я.Болор | Zindaa.mn
56 минутын өмнө

Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа /үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай/, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарч байна.

Өмнөх оны газар тариалангийн үйлдвэрлэлтэй харьцуулахад улаанбуудайн ургац 229.6 мянган тонноор буюу 85.8 хувиар, бусад үр тариа 18.4 мянган тонноор буюу 46.1 хувиар, төмс 54.1 мянган тонноор буюу 47.4 хувиар, таримал тэжээл 3.6 мянган тонноор буюу 1.8 хувиар, техникийн ургамал 3.6 мянган тонноор буюу 60 хувиар тус тус өсөх төлөвтэй байна. Харин хүнсний ногооны ургац өмнөх оноос 21.4 мянган тонноор буюу 8.9 хувиар буурах урьдчилсан тооцоо гарчээ. Урьдчилсан балансаар хэрэгцээт хүнсний улаанбуудай, төмсний 100 хувь, хүнсний ногооны 67.7 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой бүрдэж байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох мөндөрийн улмаас улаанбуудайн 840 га талбай ногоон тэжээлд шилжиж, 3.1 мянган га талбай ургац алдаж балансад тусгагдаагүй болно.

УРГАЦ ХУРААЛТЫГ 26-30 ХОНОГТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Тариалалтын хугацаанд тариалангийн зарим бүс нутгуудад үргэжилсэн хур тунадас, нойтон цас орсны улмаас тариалалтын хугацаа 5-7 хоногийн хойно эхэлж үүнтэй холбоотой ургац хураалтын ажил урьд жилүүдээс 7-10 хоногоор хойшлох төлөвтэй байна.

Ургац хураалтад нийтдээ 951 комбайн, 609 ширхэг жатка, 230 үтрэмд 1058 ширхэг үр тариа цэвэрлэх тоног төхөөрөмж, 453 ширхэг төмс, хүнсний ногоо хураах тоног төхөөрөмж ажиллах бөгөөд техник засварын ажил 82 хувьтай явагдаж байна. Ургац хураалтад ажиллах техникийн иж бүрдлээр тооцоход хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн байна.

ҮР ТАРИА ХАДГАЛАХ 557.3 МЯНГАН ТОННЫН БАГТААМЖТАЙ ЭЛЕВАТОР БЭЛЭН БАЙНА

Улсын хэмжээнд үр тариа хадгалах 557.3 мянган тоннын багтаамжтай элеватор байгаагаас “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д 186.0 мянган тонн, хувийн хэвшилд 371.3 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ буудай хүлээн авахад бэлэн болоод байна.

ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ АГУУЛАХЫН БАГТААМЖ 325.6 МЯНГАН ТОННД ХҮРЛЭЭ

Атрын IV аяны хүрээнд 2025 онд төмс, хүнсний ногооны зоорь, агуулах байгуулахад хөнгөлөлтэй зээлийн дэмжлэг үзүүлсэнээр 2025 онд 13 мянган тонн 2026 онд 11.0 мянган тонн төмс, хүнсний ногооны агуулах шинээр ашиглалтад орж  төмс, хүнсний ногооны агуулахын багтаамж 325.6 мянган тонн-д хүргэлээ.

2026-2027 ОНЫ ГУРИЛЫН ХЭРЭГЦЭЭГ ДОТООДЫН УЛААНБУУДАЙН УРГАЦААС БҮРЭН ХАНГАХ БОЛОМЖТОЙ

Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 497.1 мянган тонн улаанбуудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс 2027 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 48.1 мянган тонн улаанбуудайн үр нөөцлөх бөгөөд, ХААК ТӨХХК болон Улсын үрийн нөөцөд үрийн зориулалтаар 6.5 мянган тонн, тэжээлийн үйлдвэрүүд болон малчдын тэжээлийн хэрэгцээнд 103.2 мянган тонн, спиртийн үйлдвэрт 16.2 мянган тонныг тус тус зарцуулахаар тооцоход гурил үйлдвэрлэлд нийтдээ 323.1 мянган тонн улаанбуудай нийлүүлэгдэх төлөвтэй байна.

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2026-2027 оны хэрэгцээг дотоодын ургацаас бүрэн хангахаар байна.

 УЛСЫН УРГАЦЫН КОМИСС БАЙГУУЛАГДАВ

Ургац хураалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, шуурхай зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Улсын ургацын комиссыг шинэчлэн байгуулж, ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гарган холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛЛАХ ХҮЧИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдээс ажиллах хүчний захиалга ирүүлсний дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл анги, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт 2800 цэргийн албан хаагч, сонсогч, оюутан, залуучуудыг ургац хураалтын ажилд оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 115 цэргийн албан хаагч төмс, хүнсний ногооны ургац хураалтад ажиллаж байна. Цаашид ургац хураалтын ажилд Дотоод хэргийн их сургууль болон бусад их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сурагчид, сонсогчид, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэмэлтээр хүн, хүчийг татан оролцуулах зохион байгуулалтыг хийж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top