АН өөрчлөлтөө өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Өөрчилье”. Энэ уриаг Ардчилсан нам дэвшүүлсэн. Гэхдээ “зайрмагны цех”-ээс үү, гүйцэтгэх хорооноос уу гэдэг нь эргэлзээтэй. Эргэлзээтэй энэ уриаг “Чөлөөлье” аяныг сөргүүлж дэвшүүлсэн “пияр” гэж таая. Гэхдээ энэ уриа нь нэг л явахгүй юм. “Өөрчилье” гэдэг энэ уриа эхлэхдээ л өөрчлөгдчихсөн. Төрийн ордонд хуралдсан хуралдааны бичлэгүүд явахдаа цэнхэр хүрэмтэй улаан нөхөд болоод харагдчихсан. Аяныг дэвшүүлэхэд намын даргынхаа эсрэг хэд гурван хүн үг дуугарав. Засгийн огцруулах бичигт гарын үсэг зураагүй гишүүдэд хариуцлага тооцно. Тэр нэг хэдэн дотоодын жижиг гишүүдтэйгээ байлдаад эхлэхдээ “Өөрчилье” гэдэг уриа нь таг сөргөөд явчихсан даа. За тэгээд болоогүй талбай дээр гараад тайз шиг юм засчихсан байгаа юм. Эрх баригчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “мангар том ногоон тайз” засаад байхад талбай дээр “Ноорог”-ийнхноос ч дор цэнхэр тайз засчихсан. Болоогүй түүн дээр нь Нийслэлийн Ардчилсан намын дарга нь гарч ирээд банзан гитартай дуулах юм. Эрх баригчдыг шүүмжилдэг үг яриа, “шударга тав”-ынхаас дээрдсэн ч юмгүй юм. Гэтэл намынх нь экс дарга нь үзэл санааны тэс өмнөө зүйл яриад “рийл”, видео шахаад байдаг. Хөгшин гишүүдээ татах ёстой байтал “Үүл баатар” нь байхгүй зүйлтэй байлдаад салганаад байдаг. Хөгшин гишүүд нь сошлын хэрүүлтэй л байлдаад байдаг. Ардчилсан намынхан үнэндээ юуг өөрчлөх гээд байгаа юм бэ?

“Өөрчилье”. Энэ уриаг Ардчилсан нам дэвшүүлсэн. Гэхдээ “зайрмагны цех”-ээс үү, гүйцэтгэх хорооноос уу гэдэг нь эргэлзээтэй.

Ардчилсан нам жилийн өмнө хуралдаж даргаа сонгохдоо “шал буруу” хүнээ тавьчихсан юм. Буруу эргэлт болсон энэ шийдвэрээс явж, явж буруу шийдвэр олон гарсан даа. Яг гурван сарын өмнө Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдсан. Энэ хурлаар эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйн тулд таван дэд даргаар Н.Ганибал, Д.Энхтуяа, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга, Ч.Өнөрбаяр нарыг сонгосон юм. Мартсанаас Үндэсний бодлогын хорооны энэ жилийн хуралдаанаар шинэ фракц мэндэлсэн явдал байлаа. “Ардчиллын сэргэлт холбоо” гэх энэ холбооны угшил бол одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Ингээд Ардчилсан намд шинэ, хуучин хоёр Ерөнхийлөгчийн фракц мэндлэв. Ерөнхий зургаар нь харвал 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг Ардын намд өгчхөөд 2028 онд хэн нь хэнээсээ төө илүү байж чадахгүй 2016 он шиг эвснээ гэсэн үг. Тохироо бол ийм л болсон.Ер нь Ардчилсан нам зөв хүмүүсээ, зөв албан тушаалд сонгож томилдоггүй нэг гэм бий. Хэрвээ та дээр дурдсан Ардчилсан намын таван дэд даргыг харвал энэ бүр ойлгомжтой болно. Спортоор бол зөв байрлал дээр зөв хүнийг тавьж байж Ардчилсан нам сонгуульд амжилттай оролцоно. Яг арван жилийн өмнө 2016 оны сонгуульд тэд чухам ийм шалтгаанаар сонгуульд ялагдсан. Өмнөх сонгуулийн холимог системийн авралаар засаг атгах хувь заяатай болсон Ардчилсан нам үүнийхээ горыг өнгөрсөн жилүүдэд хангалттай амссаар байна. Ардчилсан нам уг нь залуу улстөрчдөөр шангаа татаж байсан түүхтэй нам. Гэтэл тэд эрийн цээнд хүрмэгцээ эрх мэдлийн цулбуурыг хэн нэгэнд өгөх туйлын дургүй болсон. Чухам тийм учраас залуучуудад боломж олгоочээ гэж одоогийн залуус нь гуйж нэг, шаардаг нэг үзсэн. Даанч талаар болчихсон.

Ардчилсан нийгмийн концепц халамжлагч төр биш гээд “Тимоны” дуу тавиад баллаж байх ёстой юм. Даанч таг.

Уг нь Засгийн газар тэдний тонгороод өртөхөөр олон ч шийдвэр гаргаж байна. Даанч тэд тоодоггүй. Иргэдэд үнийн өсөлтийг хаалгаар нь оруулахгүй гэсэн атлаа тэтгэврийг зад, цалинг хуга нэмнэ гээд байж байна. Оюу толгойн хувьцааг юунд зарцуулахыг иргэдээс асууна гэж байна. Ахмад настны чухал шаардлагатай эмүүдийг үнэгүй өгнө гэж байна. Төсвийн тодотгол танилцуулахдаа реформын шинжтэй бус сонгуулийн өмнөх усалгаа байхад тоож байгаа юм алга. Форум, цуглааныг цуцалж хэмнэлтийн горимд шилжинэ гэсэн атлаа 300 орчим тэрбум төгрөгөөр олон улсын хурал зохиож тансаглаж байна. Гэтэл тоодоггүй. Уг нь зүй нь бол мэдээллийг нь олж аваад, сөхөж гаргаж ирээд “сонсгол” явуулая гэж шаардаж байх ёстой юм. Төсвийн задаргаа бүрийг нь нийтэд гаргаж ирээд хороо болгоноор явж байх ёстой юм, таг. Ардчилсан нийгмийн концепц халамжлагч төр биш гээд “Тимоны” дуу тавиад баллаж байх ёстой юм. Даанч таг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top