Францад жагсаалын үеэр 2000 гаруй хүнийг саатуулжээ

Я.Болор | Zindaa.mn
6 минутын өмнө

 

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улс даяар болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр галдан шатаах, тонон дээрэмждэх, хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг олж, шийтгэл оногдуулна гэж мэдэгдэв. Тэрбээр жагсагчдын хууль ёсны шаардлага болон үймээн дэгдээгчдийн үйлдлийг ялгаж салгах ёстой гэж онцолсон байна.

Францын дотоод хэргийн яамны мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдал болж, энэ үеэр 2397 хүнийг саатуулж, 997 алба хаагч гэмтэж бэртсэн байна.

Макрон аюулгүй байдлын арга хэмжээг чангатгана гэж мэдэгджээ.

Хоёр долоо хоногийн өмнө сургалтын орчныг сайжруулахыг шаардсан ахлах сургуулийн сурагч, багш нарын эсэргүүцлийн жагсаалд амьдралын өртөг нэмэгдэж, төрийн үйлчилгээний чанарт бухимдсан иргэд нэгджээ. Бямба гарагт жагсаалд нийт 550-800 мянга орчим хүн оролцсон байна. Эмх замбараагүй байдал Франц даяар дэгдэж, олон арван хотуудад галдан шатаах, тонон дээрэмдэх хэрэг гарчээ.

Францын худалдааны холбооны мэдээллээр, нийт 1.5 мянган дэлгүүр, худалдааны төвүүд өртсөн байна.

Лимож хотод жагсагчид хотын захиргааны барилга, XIX зууны барилгыг галдан шатаажээ. Парис хот галд автав гэж “Euro News” бичжээ. Тус хотын Бүгд найрамдах талбайн дэргэд байсан автомашинуудыг шалдан шатааж, хотын дээгүүр хар утаа суунаглаж байжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Францын ерөнхий сайд Себастьян Лекорню онц байдлын штабын хурал зарласан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top