Персийн булангийн орнууд Иранаас нөхөн төлбөр шаарджээ

Я.Болор | Zindaa.mn
50 минутын өмнө

Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн /ПБАОХАЗ/ гишүүн орнууд тус бүс нутгийн орнуудад цохилт өгсний хариуцлагыг Иранд хүлээлгэж, Тегеранаас хохирлын нөхөн төлбөр шаардсан байна.

Бахрейны нийслэлд болсон ПБАОХАЗ сайд нарын хуралдаанаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон олон улсын хамтын нийгэмлэгт хандан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тогтоолын дагуу тус бүс нутгийн орнуудад учруулсан хохирлыг бүрэн төлөх үүргийг Иранд хүлээлгэхийг уриалжээ.

ПБАОХАЗ-ийн гадаад хэргийн сайд нар Иран болон түүний холбоотнуудын зүгээс ПБАОХАЗ-ийн гишүүн орнууд болон Иорданд пуужингийн болон дроны цохилт өгсөөр байгааг хатуу буруушаажээ. Эдгээр халдлагад иргэний объект, орон сууцны дүүргүүд, дипломат төлөөлөгчийн газрууд өртсөн нь ихээхэн хохирол учруулж, энгийн иргэдийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгдэлд онцлоод Тегеранаас  халдлага, заналхийллээ даруй зогсоохыг шаарджээ.

Түүнчлэн, тус зөвлөлийн гишүүн орнууд АНУ, Ираны хооронд болох аливаа яриа хэлэлцээнд оролцох ёстой гэж Бахрейны гаад хэргийн сайд Абдель Латиф бен Рашед аз-Заяни мэдэгджээ. Цаашид болох яриа хэлэлцээ Ираны цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүд зэрэг бүхий л шийдвэрлэгдээгүй асуудлуудыг хөндөх ёстой. Персийн булангийн арабын орнууд тэдний аюулгүй байдал, үндэсний эрх ашгийг хөндөж буй аливаа яриа хэлэлцээнд оролцох ёстой гэж аз-Заяни онцлон тэмдэглэжээ.

Бахрейны нийслэл Манама хотод ПБАОХАЗ-ийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын түвшний уулзалт болж өнгөрөв. Уулзалтаар талууд мөн хуситуудын Саудын Арабад цохилт өгч байгааг буруутгаж, Ормуз, Баб-эль-Мандебын хоолойн усан замыг хамгаалах, Газын зурваст тогтвортой эвлэрлийг хангах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, Иордан голын баруун эрэгт суурьших үйл явцыг зогсоохын чухлыг онцолсон байна

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top