Өдгөө дэлхийн найм дахь хөрөнгө, чинээтэй хүн Ларри Эллисон 81 нас хүрч байна. Программ хангамжийн “Оракл” компанийг үүсгэн байгуулж, Хавайн Ланайн арлыг бүрэн эзэмшиж, “Тесла” компанид хөрөнгө оруулж, Парамаунт группийг эзэмшиж масс медиаг удирдах болсон Ларри Эллисоны амьдралын дүрэм, мөрдлөг болсон алдартай эшлэлүүдийг хамтдаа сонирхоё.
“Билл Гейтс өөрийгөө Эдисон шиг харагдуулахыг хүсдэг ч үнэндээ тэр бол Рокфеллер юм. Америкийн хамгийн ухаантай хүн бол Гейтс биш. Асар их хөрөнгөтэй байлаа гээд аугаа ухаантай болчихдоггүй юм”
“Аливаа компанийн гол зорилго бол мөнгө олох. Харин төрийн үндсэн үүрэг нь тэр компаниудын олсон мөнгөнөөс тодорхой хэсгийг нь аваад бусдад өгдөг”
“Үнэн хэрэгтээ “Майкрософт” хүн төрөлхтөнтэй өрсөлдөж байна. Одоогоор тэд яльгүй урд нь явна уу даа”

“Амжилтад хүрэхэд шаардлагатай бүхий л бэрхшээлийг би бүгдийг нь туулсан”
“Оракл гэж юу вэ? гэж асуух олон хүн гарах байх. Би хүмүүс гэж хэлнэ. Энэ байгууллагыг бий болгох, тийм шилдэг хүмүүсийг олж авчрах, тэднийг өсгөн торниулахад хүний нөөцийн хэлтэстээ бүрэн найддаг юм”
“Хүмүүсийг мөрөөдөл нь хөтөлдөг гэдэгт би итгэдэг. Учир нь би тэгсэн юм”
“Архи дарс, мансууруулах бодисоос би хол хүн. Оюун ухаанаа манантуулахыг би тэвчиж чаддаггүй”

“Ланай аралд усан үзмийн тариалан эрхлэх боломжтой хэд, хэдэн газар бий. Гэхдээ хөдөө аж ахуй эрхлэхийн тулд арлын усны нөөцийг хэрхэн нэмэгдүүлэхээс хамаарна. Тиймийн тулд бид нарны эрчим хүчээр далайн усыг цэнгэгжүүлэх технологийг туршиж байна”
“Шинийг бүтээнэ, санаачилна гэдэг бол бүгд “галзуурчихаж” гэж хэлэхэд бэлтгэлтэй байхын нэр”
“Хиймэл оюун бүхий программ хангамжтай хийсвэр харилцаа үүсгэхээс болгоомжил”
“Бидний зорилго тун энгийн. Цахим бизнесийн гол талбар болох явдал”

“Хүүхдүүд өдөржин видео тоглоом тоглож суухыг харахаар сэтгэл үнэхээр эмзэглэдэг”
“Хэрэв чи Андройд программ бүтээхээр бол “Ораклын Жава” төхөөрөмжийг ашиглаж хийнэ. Хийж дуусчихаад “Андройд руу хөрвүүл” гэдэг ганц товч дараад л боллоо”
“Би Японы Киото хотын Нанзэнжи сүмийн эзэмшил газарт нэг байртай. Удахгүй тэндээ Японы урлагийн музей байгуулахаар төлөвлөж байгаа”

“Олон жилийн өмнө нар ургахаас эхлээд дугуйгаа унаад алга болдогсон. Хөөрхий аав, ээжийн минь аз таарвал бүрэнхий болохоос өмнө гэртээ ирнэ”
“Одоо үед хүмүүс “Интернэт” гэхээ болиод “үүлэн тооцоолол” л гэх болж. Би ч маргахаа больсон. Юу гэж нэрлэх нь тэдний дур”
“Олон хүмүүс мэргэжлийн тамирчдыг Олимпод оролцохыг эсэргүүцдэг. Ер нь хүмүүс өөрчлөлтөд дургүй. Сүүлд скейтбордыг олимпын наадамд оруулдаг болсон нь олон хүний дургүйг хүргэсэн. Ер нь байна аа, спорт гэдэг цаг үеэ даган шинэчлэгдэх ёстой”

“Стив Жобсыг дуурайх гэж оролдох нь “Би Пикассо шиг зурмаар байна, улаан өнгийг түлхүү хэрэглэх үү” гэж асуухтай л ижил”
“Ажилтнууддаа анхаарал тавих нь маш чухал. Чухам энэ нь л тухайн байгууллагын нүүр царай, соёлыг шууд илтгэн харуулдаг юм”
“Виртуал ертөнцөд тоглоомыг зугаатай бөгөөд амжилттай тоглож болно. Бодит амьдрал дээр үүнийг хэрэгжүүлж буй ганц л хүн бий тэр нь Леброн”

Сэтгэгдэл ( 0 )