Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

 

Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 10-наас 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,795 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,213 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 759 хэрэг шинээр нээж, 189 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Hийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн авлигын хэргүүдээс тоймлон хүргэж байна.

- П.А, М.С нар нь нийтийн албан тушаалтан буюу Чингис Хаан Олон Улсын нисэх буудал дахь гаалийн газрын эм, био бэлдмэлийн чанарын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч, мал эмнэлгийн хяналтын асуудал хариуцсан гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа бүлэглэн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг гаалийн хяналт, шалгалтгүйгээр Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэхийн тулд Э.Э-оос 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 7 сая төгрөгийн хахууль авсан,

Э.Э нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг гаалийн хяналт, шалгалтгүйгээр Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх зорилгоор гаалийн улсын байцаагч П.А, М.С нарт 7 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэг (нийтийн албан тушаалтанд хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- С.Б нь нийтийн албан тушаалтан Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа хяналт шалгалт хийж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Л.Э-аас 800 мянган төгрөгийн хахууль авсан  хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-үүд сум дахь сум дундын шүүхэд;

- Л.О нь “Б...” улсын төсөвт үйлдвэрийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан байгууллагын албан хэрэгцээнд дрон авахаар “Ө.... ” ХХК-тай 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 24/25 дугаартай 6 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулж, төлбөрийг шилжүүлсэн боловч худалдан авах ажиллагаа явуулалгүйгээр 2,1 сая төгрөгийг бэлнээр авч өөртөө эдийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.Н нь Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа:

2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар “Э...” ХХК-ийн уул уурхайн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгох хүсэлтийг хэлэлцэж, холбогдох шаардлагыг хангаагүй байхад техникийн нөхцөл олгохоор шийдвэрлэн, баталж, эхнэр Ч.А-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “Э...” ХХК-ийн нэрээр “М...” ХХК-тай 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр аянгын тросс, дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, 

2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрүүдийн хооронд хөрөнгө орлого нь нийт 3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,

бусадтай бүлэглэн “Б...” ХХК-ийн ерөнхий захирал Ц.О-ын хууль бус ашиг сонирхлын үүднээс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 257 сая төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн хадам дүү Ч.А-ийн нэр дээр шилжүүлэн авч, хахууль авсан,

Мөн “Р...” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс Д.Г-өөс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2022-2025 хугацаанд бэлнээр нийт 202 сая төгрөгийн хахууль авсан, 

Авлигын гэмт хэргийн улмаас олсон нийт 2,8 тэрбум төгрөгийн их хэмжээний хөрөнгө, орлогыг эзэмшиж ашиглан, өөрийн болон хамаарал бүхий иргэдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаасан гэх Б.Н нарын 5 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хэрэгт (албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (үндэслэлгүйгээр хөрөнгөжих), 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 (мөнгө угаах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top