Э.Бат-Амгалан БНТУ-ын Байгаль орчин, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдтай уулзлаа

Ж.Сондор | Zindaa.mn
12 минутын өмнө

 

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар Бага хурал үргэлжилж байна. Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өчигдөр /2026.08.24/ Бүгд найрамдах Турк улсын Байгаль орчин, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд, хатагтай Фатма Варанктай хоёр талт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хатагтай Фатма Варанкт Монгол Улсад зохион байгуулж байгаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож байгаад талархал илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг цөлжилт, газрын доройтолтой тэмцэхээс гадна уур амьсгалд тэсвэртэй хот байгуулалт, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, усны тогтвортой менежмент зэрэг чиглэлд өргөжүүлэхийн чухлыг онцоллоо.

Түүнчлэн Монгол Улс түүхэн нийслэл Хархорум хотын суурин дээр орчин үеийн, соёл, аялал жуулчлал, инновацын төв болсон шинэ хотыг байгуулахаар зорьж байна. Энэ хүрээнд Турк улсын түүхэн хотуудыг орчин үеийн дэд бүтэцтэй хослуулан хөгжүүлсэн туршлагыг судлах, хот төлөвлөлт, газар ашиглалт, ногоон байгууламжийн чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын хэрэглээний 70 гаруй хувийг газрын гүний ус бүрдүүлдэг. Энэ нь урт хугацаанд эрсдэл дагуулдаг тул Туркийн нийслэл Анкара хотын адилаар хур тунадас, гадаргын усыг 11 далангаар цуглуулж, цэвэршүүлэн ашигладаг туршлагыг нэвтрүүлэх боломжийг хэлэлцлээ. Хоёр тал 2024 онд “Орон сууцжуулалтын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан байдаг. Энэ хүрээнд бага, дунд орлоготой иргэдэд зориулсан нийтийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх, Туркийн “Нэг ч хүнийг орон гэргүй орхихгүй” гэх бодлого, санхүүжилтийн загварыг судлах талаар санал солилцлоо.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top