Балбад үерийн улмаас 157 хүн амиа алдаж, 384 жуулчин ор сураггүй болжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Балбад болсон үерийн улмаас 157 хүн амиа алдаж, 384 жуулчин, тэр дундаа 291 гаднын иргэн ор сураггүй алга болжээ. Тус улсын дэд бүтцийн сайд Сунила Ламсалагийн мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас дэд бүтцэд 1.3 тэрбум ам.долларын хохирол учраад байна.

Үер Балба, Хятадын хил орчмын бүсэд цас, чулуун нуранги үүссэний улмаас болсон гэж үзэж байна.

Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Тус ажиллагаанд нийт 15 нисдэг тэрэг дайчилсан бөгөөд тусламж хэрэгтэй, харилцаа холбоо тасарсан хүмүүст түүдэг гал асааж, утаа тавих замаар аврагчдад дохио өгөхийг зөвлөж байна.

Үер 22 бетонон гүүр, таван төмөр гүүр, зам, 14 усан цахилгаан станц зэрэг дэд бүтцэд асар их хэмжээний хохирол учруулаад байна.

Аялал жуулчлалын компанийн төлөөлөгч Кумар Адхикарийн ярьснаар, гамшгийн бүсэд ор сураггүй алга болсон гаднын жуулчдын ихэнх нь Кайлаш ууланд мөргөл, гороо үйлдэхээр явж байжээ. Гамшгийн бүсэд АНУ, Их Британи, Малайз зэрэг орны жуулчид байж магадгүй гэж үзэж байна. Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан БНСУ-ын найман иргэн мөн ор сураггүй алга болсон тухай Ёнхап агентлаг мэдээлжээ

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, нэг мянга орчим хүн үерийн усанд урссан байж болзошгүй байна. Гэхдээ энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй байна. Учир нь эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Балбад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, 10 тонн хүмүүнлэгийн тусламж илгээсэн бол НҮБ хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр ажиллаж байна.

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top