Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Балбад болсон гэнтийн үерээр амиа алдсан хүний тоо 919 болж, 4793 хүн ор сураггүй алга болоод байна. Төвөдөд 16 хүн амиа алдаж, 546 хүн ор сураггүй алга болжээ. Мөн 320 гаднын жуулчин ор сураггүй алга болсон тухай Балбын Аялал жуулчлалын газар мэдээлжээ.
Балба, Төвөдийн хилийн бүсэд гамшиг дахин давтагдах аюул байсаар байна. Уулнаас нурсан чулуулаг, мөсний хэлтэрхий голын урсацыг хаасны улмаас нуур үүссэн бөгөөд олон сая куб метр ус, чулуу, шавар доош урсах аюул байсаар байгааг эрх баригчид анхааруулж байна. Хятадын эрх баригчдын мэдээлснээр, Төвөдөд гамшгийн бүс дэх нууранд 2.5 сая куб метр ус хуримталгдаад байгаа бөгөөд хөрсний нурангийн улмаас үүссэн далан дагуу ус нэвчиж буйг сэрэмжлүүлсэн байна. Усны хэмжээ нэмэгдэж, далан сэтрэх аюул үүссэний зэрэгцээ хүчтэй аадар бороо орж, нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
Эрэн хайх, аврах ажиллагаанд хууль хүчний 15 мянган алба хаагчийг дайчлаад байна. Цаг агаарын байдал, эвдэрч, хаагдсан зам, харилцаа холбоо тасалдаж байгаа зэрэг нь аврах ажиллагааг хүндрүүлэх, зарим газарт явуулах боломжгүй болгож байна.
Ор сураггүй алга болсон гаднын иргэдийн хувьд АНУ 65, Украины 62, Энэтхэгийн 320, Малайзын 55, Австралийн 34, Их Британийн 33, Канадын 25 зэрэг нийт 36 улсын иргэд ор сураггүй алга болжээ.
Эрдэмтдийн хийсэн урьдчилсан дүгнэлтээр, асар хүчтэй шавар, усны үер нь Лангтанг-лирунг уулнаас мөсний хэлтэрхий Лхэндэ гол руу унаснаас үүссэн байж болзошгүй гэж үзэж байна. Мөсөн голын мөс асар хүчтэй хэлтэрч унасан бөгөөд эхэндээ судлаачид 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн хэмээн үзэж байв. Гамшгийн шалтгааныг хиймэл дагуулын нарийвчлалтай гэрэл зургууд гарсны дараа тодорхой болох аж. Учир нь одоогийн гэрэл зургууд үүлэрхэг үед авсан тул нарийн мэдээлэл авах боломжгүй байна.


Сэтгэгдэл ( 0 )