Төвөдөд хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
38 минутын өмнө

Төвөдийн уулархаг бүсэд 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас дор хаяж 16 хүн амиа алдаад байна.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлт Лхас хотоос зүүн хойд чиглэлд 400 км зайд орших Бачен хошуунд орон нутгийн цагаар 07.00 цагт бүртгэгджээ. Газар хөдлөлтийн дараа 410 гаруй чичирхийлэл бүртгэгдээд байна.

Хятадын эрх баригчид онц байдал зарлаж, аврах ангиудыг илгээгээд байна.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээллээр, байгалийн гамшгийн улмаас 339 байшин нурж, цахилгаан эрчим хүч тасалджээ.

Газар хөдлөлтийн улмаас чулуу, хөрс нурж, бүс нутгийн замуудыг хаасан тул аврагчид гамшгийн бүсэд хүрэхэд хүндрэлтэй байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин гамшигт өртсөн ард иргдэд тусламж үзүүлэх, хүний амь насыг аврахын тулд эрэн хайх, аврах ажиллагаанд бүх хүчээ хаяхыг үүрэг болгосон байна.

Одоогоос хоёр хүрэхгүй сарын өмнө Төвөд, Балбад мөсөн гол хагарсны улмаас үер, хөрсний гулгалт болж, 1400 гаруй хүн амиа алдсан билээ. Хэдэн зуун хүн одоо хүртэл олдоогүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top