Монгол эрдэмтдийн гаргаж авсан бэлдмэл хөрсний бохирдлыг бууруулдаг нь батлагджээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран хэрэгжүүлж байгаа Эрчим хүч, үйлдвэрлэлийн бүс орчмын хөрсний бохирдлыг бууруулах төслийн хүрээнд ТЭЦ-4 орчмын хөрсний эрүүл ахуйн бохирдлыг судаллаа. Улмаар тус хүрээлэнгийн Микробын нийлэгжлийн лабораторийн судлаачдын нутгийн цэвэр омгуудын шилмэл бичил биетээс гарган авсан Био-Ариус бэлдмэлийн үр нөлөөг шинжлэв.

Судалгааны хүрээнд нийт 12 цэгээс дээж авч хөрсний эрүүл ахуйн бохирдлыг E.coli titre (гэдэсний савханцар), Salmonella/Shigella (гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч нянгууд), Clostridium perfringens (агааргүйтэн нян) гэсэн гурван үзүүлэлтээр MNS 3297:2019 “Хөрс. Хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, бохирдлыг үнэлэх” стандарттай харьцуулан Био-Ариус ашиглахын өмнөх болон дараах үр дүнг үнэлсэн.

Шинжилгээний дүнгээр Био-Ариус бэлдмэл хэрэглэхээс өмнө 12 цэгийн 8 нь их, 2 нь дунд, 2 нь бага бохирдолтой ангилалд байсан бол ариутгал хийсний дараа 3 цэг дунд, 7 цэг бага, 2 цэг цэвэр ангилалд шилжсэн төдийгүй бүх цэгт бактерийн нийт тоо буурчээ. Түүнчлэн E. coli илэрсэн цэгийн тоо 10-аас 3, Salmonella/Shigella 9-өөс 1 болж буурсан бол Clostridium perfringens 11-ээс 10 цэгт илэрсэн бөгөөд Термофил бичил биетний тоо 10–100 дахин буурчээ.

Төслийн үр дүнд хөрс өтгөн, ялгадсаар бохирдсоныг илтгэгч E. coli, Salmonella/Shigella болон термофил бичил биетний илрэлт мэдэгдэхүйц буурсан байгаа нь Био-Ариус бэлдмэлд агуулагдах шивтэр, өтгөн, ялгадас задлагч бичил биетний нөлөөгөөр хөрсний эрүүл ахуйн бохирдлыг бууруулах, бохирдлын үзүүлэлтийг сайжруулах боломжтойг харуулжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top