ОХУ-ын Санкт-Петербург хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткоффыг хүлээн авч уулзан, ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын оролцоотой Киевтэй яриа хэлэлцээгээ сэргээхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Гурван цаг үргэлжилсэн уулзалтын дараа Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков ОХУ, Украин, АНУ-ын гурван талт яриа хэлэлцээг сэргээх боломжийг хэлэлцсэн тухай ярьжээ.
В.Путин ирэх арваннэгдүгээр сарын 10-аар гурван талт хэлэлцээг мөргөлдөөний дараах ОХУ, Украины аюулгүй байдлын тухай сэдвээр хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Уиткофф Кремлийн тэргүүний саналыг дэмжиж, тэр тусмаа Ерөнхийлөгч Доналд Трамп энэхүү шийдвэрийг таашаан хүлээн авна гэж мэдэгджээ.
Ушаковын хэлснээр, яриа хэлэлцээ Абу Даби хотноо болж магадгүй. 2026 оны нэгдүгээр сард АНЭУ-ын нийслэлд гурван талт хэлэлцээ мөн болж байсан билээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський энэхүү саналыг дэмжиж буйгаа мөн мэдэгдсэн байна.
Уиткофф Осло хотноо болсон уулзалтын дараа ямар саналыг В.Путинд танилцуулсан талаар Ушаков дэлгэрэнгүй яриагүй байна. Тэрбээр шинэ асуудлууд тусгагдсан байсан тухай дурдаад гэхдээ мөргөлдөөнийг зохицуулахад хэрэг болох зүйлс бага байсныг онцолжээ.
Сүүлийн хоёр жилд Уиткофф, Жаред Кушнер нар Орост нэг бус удаа ажилласан. Олон тооны уулзалт, яриа хэлэлцээ мэдэгдэхүйц дэвшилд хүрээгүй л байна. Үүний гол шалтгаан нь газар нутгийн асуудал. Москва Украины цэргийг Донбассаас гаргахыг шаардаж байгаа бол Киев энэхүү шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, сүүлийн саруудад Украины цэргүүд Оросын эзэлсэн нутаг дэвсгэрийн зарим хэсгийн хяналтдаа эргүүлэн авсан гэж мэдэгдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )