Саудын Араб бие даан уран баяжуулахыг завдсан тохиолдолд хоёр улсын хооронд байгуулах 123-р хэлэлцээр болон цөмийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг ганхуулна гэж АНУ-ын эрчим хүчний яамны дэргэдэх Цөмийн аюулгүй байдлын үндэсний газрын орлогч дарга Мэттью Наполи мэдэгджээ.
Тус хэлэлцээрийн төслийг Конгресс хэлэлцэж байгааг Наполи дурдаад энэхүү тохиролцоогүйгээр Саудын Араб АНУ-аас гадна бусад улсын дэмжлэгтэй уран баяжуулах иргэний хөтөлбөрөө хөгжүүлэх боломжтой байсан гэжээ.
123-р хэлэлцээрийг АНУ-ын цөмийн эрчим хүчний тухай хуулийн 123-р зүйл заалтын нэрээр нэрлэжээ. Энэхүү заалт нь АНУ-ын бусад орнуудтай цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах асуудлыг зохицуулдаг байна. Тус хэлэлцээрийг байгуулахад АНУ-ын түнш орон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх чиглэлд хатуу шаардлагуудыг биелүүлэх үүрэг хүлээнэ.
Долоодугаар сарын 22-нд АНУ-ын эрчим хүчний яам АНУ, Саудын Араб хооронд цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсан тухай мэдэгдсэн билээ. Урт хугацааны баримт бичиг нь АНУ-ын компаниудад Саудын Арабын цөмийн эрчим хүчний хөтөлбөрт оролцох боломжийг нээж өгч байна.
Саудын Араб цөмийн зэвсэг бүтээх боломжийг үгүйсгэхгүй байгаа талаар “The Washington Post” сонин эх сурвалж дурдан есдүгээр сарын сүүлээр мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )