БЗД-ийн 20-р хороонд Номын сан, Хүүхдийн төв байгуулна

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Баянзүрх дүүрэг “U9 Change” ТББ-тай хамтран “Khan to Can” төслийг хэрэгжүүлж, дүүргийн алслагдсан хороонд нарны эрчим хүчээр ажилладаг номын сан болон хүүхдийн анхан шатны тусламжийн төв байгуулахаар төлөвлөжээ.

Баянзүрх дүүрэг “U9 Change” ТББ-тай тав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд түлэнхийн шарх, сорвитой хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийх, эмчилгээний зардалд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Face820” арга хэмжээг таван удаа зохион байгуулсан байна.

Эдгээр үйл ажиллагааны хүрээнд нийт 30,000 орчим хүүхдэд зөвлөгөө, тусламж үзүүлж, дөрвөн хүүхдийг БНСУ-д үнэ төлбөргүй мэс засалд хамруулжээ.

Тэгвэл “Face820” хөтөлбөрийн зургаа дахь давлагааг 2027 онд илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буйгаа “U9 Change” ТББ-ын төлөөллүүд дүүргийн удирдлагуудад танилцууллаа.

Тодруулбал, ирэх онд 20,000 хүнийг хамруулсан супер концерт зохион байгуулах бөгөөд уг тоглолтоос олсон орлогоор Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд нарны эрчим хүчээр ажилладаг номын сан, хүүхдийн анхан шатны тусламжийн төв байгуулах аж.

Энэхүү төсөл нь дүүргийн алслагдсан хорооны хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг ойртуулахад чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top