Мобикомын тарьсан балгийг нарийвчлан үнэлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
58 минутын өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан түймрийн хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээхээр болжээ.

Энэ сарын 8-ны өдөр гарсан түймэр нийт 528,765.5 га талбайг хамарснаас Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га талбай буюу тусгай хамгаалалттай газар нутгийн нийт талбайн 79.8 хувь нь түймэрт өртсөн гэх урьдчилсан мэдээлэл байна.

Нөмрөгийн дархан цаазат газар нь байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах онцгой ач холбогдолтой. Иймд түймрийн хохирлыг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр хязгаарлахгүй хөрс, ус, ургамал, амьтан, ховор болон нэн ховор ургамлын амьдрах орчин, экосистемийн үйл ажиллагаанд үзүүлсэн нөлөөлөл, урт хугацааны экологийн үр дагаврыг цогцоор нь судалж, үнэлэх шаардлагатай юм.

Хохирлын үнэлгээг хийхдээ хиймэл дагуулын зураглал, газар дээрх хэмжилт, судалгаа, лабораторийн шинжилгээ болон холбогдох нотлох баримтад үндэслэн, хууль тогтоомжид заасан аргачлалын дагуу гүйцэтгэнэ. Мөн мэргэжлийн баг орон нутгийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, үнэлгээний ажлыг уялдуулан зохион байгуулах юм.

Үнэлгээний хүрээнд түймрийн улмаас учирсан экологийн болон эд хөрөнгийн хохирол, түймэртэй тэмцэхэд гарсан зардал, экосистемийн нөхөн сэргэх боломж, шаардлагатай хамгаалалт, нөхөн сэргээлтийн арга хэмжээг тодорхойлно. Үүний үндсэн дээр Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемийг хамгаалах, байгалийн нөхөн сэргэх явцыг дэмжих, шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээлт хийх, цаашид түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх үндэслэл бүхий дүгнэлт гаргах юм.

Түймэр дэгдэх үед “Мобиком”-ын гүйцэтгэх захирал, Японы иргэн Ясүхиро Очи, захирлын туслах Ашина, бизнес хариуцсан дэд захирал Б.Мөнхзориг, “Мобиком нэтворкс”-ийн захирал Б.Отгончимэг, техникийн албаны захирал А.Даваасүрэн тэргүүтэй хүмүүс явж байсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн. Хэрэг явдал гарснаас хойш хэд хоногийн дараа Мобикомын гүйцэтгэх захирал Ясүхиро Очи албан ёсоор уучлал гуйсан юм.

Холбогдох хууль тогтоомжийг уншигч танд сануулъя. Байгаль орчнымг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгалийн баялаг, экосистемд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг 2-5 дахин нугалж төлүүлдэг. Тухайлбал ойн санд учруулсан хохиролыг тухайн шатсан ой мод, ургамлын ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж тооцдог бол түймрийн улмаас үрэгдсэн ховор, нэн ховор амьтдын үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж тооцдог. Харин шатаж устсан ховор ургамлын үнэлгээг 5 дахин нэмэгдүүлж тооцно. Хөрсний доройтол, бохирдлын үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж тооцдог байна.

Хохирлын үнэлгээг тогтоохдоо мэргэжлийн байгаль орчны үнэлгээний байгууллага болон шинжээчид түймэрт өртсөн талбайн хэмжээ, устсан мод, амьтан, ургамал бүрийг тусгай аргачлалаар тооцож, мөнгөн дүнгээр тооцдог. Дархан цаазат газрын хохиролын үнэлгээ асар өндөр дүнтэй гардаг. Мөн түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлд Ой хээрийн түймэр тавих гэмт хэргийг хуульчилсан байдаг билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top