АНУ-ын найман муж OpenAI компанийг шүүхэд өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 10 сарын 16

АНУ-ын найман мужийн ерөнхий прокурорууд хамтран технологийн “OpenAI” компанийг хүүхдүүдэд хор хөнөөл учруулсан хэрэгт буруутган шүүхэд өгчээ.

“NBC News” сувгийн дамжуулснаар, Айдахо, Айова, Аризона, Арканзас, Баруун Виржиниа, Канзас, Монтана болон Небраска мужуудын прокурорууд тус компанийн боловсруулсан ChatGPT чатбот нь эдгээр мужуудад оршин суугаа хүүхдүүдэд хор хөнөөл учруулж байна гэж үзэж байна.

Тус компани хүүхдүүдэд хор хөнөөл учруулж, эцэг эхэд нь худал хэлж, хууль зөрчиж байгаагаа мэдэж байсан хэр нь ChatGPT чатботыг хурдацтай хөгжүүлсээр ирсэн гэж Айова мужийн ерөнхий прокурор Бренна Берд мэдэгджээ. Эдгээр мужийн ерөнхий прокурорууд нэгдэн, хүүхдүүдэд хор хөнөөл учруулах, хууль зөрчих замаар орлого олж буй компаниудын эсрэг нэгдсэн фронтоор тэмцэхээр зорьж байна. ChatGPT чатбот нь хэрэглэгчдийг амиа хорлохыг ятгах, эрүүл мэндэд аюултай зөвлөгөө өгөх, бусад хүмүүст хор хөнөөл учруулахад нь туслах чадвартай гэж прокурорууд үзжээ. Гомдлыг тухайн мужид үйлчилж буй хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хуулийн дагуу өгчээ. ChatGPT чатбот нь өөрт нь итгэж, найдахыг ятгадаг нь ялангуяа хүүхэд шиг эмзэг хэрэглэгчдэд онцгой аюултай гэж прокурорууд онцолсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top