“Ногоон дата төв” төслийн хүрээнд 15.6 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирнэ” гэж Ч.Номин сайд бүлт үсэрсэн байна лээ. Уг нь сонсоход сайхан л юм. Гэхдээ бодит байдлаас зөрөөд байна. Саяхан болж дууссан COP17 түүхэн хурал болсон. Түүхэндээ анх удаа 1.3 тэрбум ам.долларыг босгож, 18 тэрбум ам.долларын амлалт гарсан. Зөвхөн амлалт шүү. Дээрээс нь зохион байгуулагч 1.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт, төслийн гэрээ байгуулж чадлаа. Браво. Гэхдээ хөрөнгө оруулалт хэр зэрэг бодитой байх, чухам аль салбарт, яг ямар төсөлд хэдий хэр хэмжээний хөрөнгө оруулалт татсан нь тодорхойгүй байгаа.
Хэрүүл + Тоо
“Сатанууд зайл”. МоЯчуудын хувьд моодонд орж буй үг. За тэгээд ярьдаг сэдэв нь явж, явж “Рио Тинто” руу чиглэчихсэн. Нөгөө “Оюу толгой” төслийн гүний ус хэрэглэсний төлбөр төлдөггүй, ердөө хэрэглүүлдэггүй байх ётой гэдэг сэдэв дээр тогтоно лээ. Хурлын яг дундуурхан газрын доройтол руу сэдэв, хэрүүл халтирсан. Уг нь ч манайдаа бол чухал сэдэв. Гэтэл манайхан мал, малчин хоёрт бурууг өглөө гаднынхан гарч ирээд монголын уламжлалт мал аж ахуйг сүйд хийх гэж байна гэж хадуураад явж өгсөн. Яг дуусахын алдад төрийн сайдын өрөөнд туслах нь хадуураад “COP17”-н хэрүүлийн сэдэв хаагдах шив дээ.
Гэхдээ энэ олон хэрүүл дунд чухал асуудлыг хөндөөгүй. Хоёр жилийн өмнө Саудын Араб улсад болсон “COP16” дээр 12 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт гарсны бүгдийг нь тус улсын хоёр баян сан нь даахаар болсон. Даагаад гаргасан тэр мөнгийг нь Африкт гүний усны сан байгуулахад, дэлхийн ган ба цөлжилтөд өртөх эрсдэлтэй Хөгжиж буй орнуудын жижиг фермер, малчдад зарцуулна гэж тусгасан байна лээ. Хэрэгжүүлэх гол байгууллагууд нь НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Исламын хөгжлийн банк, ОПЕК-ийн сан болон олон улсын бусад байгууллагууд. Яг бодитой хэргэж зүйл нь юу вэ гээд хайгаад үзээрэй. Юу ч олохгүй.
Тоо – Үр дүн
Ер нь ч тэгээд дэлхийн томоохон гүрнүүд том төслүүдэд хөрөнгө оруулдаг. Гэвч үр дүн нь чухам юу вэ гэдэг нь асуулт хэвээр үлддэг. НҮБ ер нь цаагуураа улс төрийн шинжтэй хөтөлбөрүүддээ л зарцуулчихдаг юм даа. Яг манай хэдэн улстөрчид тойргоо усалдаг шиг. Саудын Арабын 12 тэрбум ам.долларын ядаж таван хувь нь ажил хэрэг болтлоо үйл тамаа цайна. Ажил хэрэг боллоо гэж бодоход НҮБ-ийн аппаратын байгууллагууд, олон улсын зөвлөх тэгээд болоогүй Тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдаж байна аа гэдгийг олж тогтоотол бас ч гэж хугацаа авна. Ингэсээр явтал хөрөнгө оруулалтын үндсэн сэдэв мартагдана.
Манайд болсон “COP17” хөрөнгө оруулалтын амлалтаараа “түүхэн”. Манай улстөрчид одоо хөрөнгө оруулалт татсан гэдгээрээ “цээжээ дэлдээд” явж өгнө. Ямар сайндаа цахимын сайд нь 15.6 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирнэ гэж хөөрцөглөж байх вэ дээ. НҮБ-ын шүүлтүүрийг даваад хэрэгжихийг нь Ч.Номин битгий хэл түүний хүүхдүүд нь ч харахад бэрхтэй. Энэ хооронд “COP” явж өгнө. Дэлхий дахин энэ хурлыг ер нь шүүмжлээд байдгийн шалтгаан нь том гүрнүүд “тоож хардаггүй”. Харлаа ч тоохгүй өнгөрдөг учраас тэр юм. Манайд болсон хурлаар “карбон тариф” тооцох тал дээр тохиролцоонд хүрэх гэсэн боловч маргалдсаар байгаад нэгдсэн үр дүнд хүрч чадаагүй.
Монгол яасан гэж
Үнэндээ яагаа ч үгүй. Гоё ногоон тайзан дээр “улаан, цэнхэр” батлахтай дарга ангийн “бачка” нар ногоон дэлхий ярьж баахан “томорсон”. Цөлжилт, ган гачиг, бэлчээрийн даац, өвсний гарц, уур амьсгалын өөрчлөлт, тэр ч бүү хэл гүний усны талаар юу ч шийдэгдээгүй. Төслөө аваад ирвэл мөнгө гаргаад өгье л гэж амалсан. Энэ амлалтыг хэрэгжүүлэхэд дарга ангийн кран хэрэгтэй. Дарга анги орж ирсэн мөнгийг нь сан нэрээр саана. Гагцхүү мөнгө нь хэзээ орж ирэх нь тодорхойгүй.
Яг “COP” эхлэхийн өмнөхөн “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан” гарсан. Тайланд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 81.9% ямар нэг хэмжээгээр, цөлжилт газрын доройтолд өртөөд байна гэсэн судалгаа гарсан. Гангийн эрсдлийн үнэлгээгээр авч үзвэл нийт нутгийн 20% их эрсдэлтэй байна. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй улсын нэг нь Монгол. Гүний усны тухайд Монгол Улс усны хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорх усаар хангадаг. Уг нь говийг цэнхэржүүлэх “Хэрлэн-Говь” гэдэг төсөл байлаа. Даанч Дархан аварга, “аваад сурсан” тэргүүтэй нөхөд улдан эсэргүүцсээр байгаад зогсоосон. Тэгж, тэгж “Хэрлэн тооно” гэж нэрээ сольж аваад хоёр жилийн өмнөөс буцаад ярьж эхэлсэн. Гэвч хараахан хийж эхлээгүй байна. Уг нь “Хэрлэн тооно" усан цогцолбор ашиглалтад орсноор Хэрлэн голын олон жилийн дундаж урсцын 5-9 хувийг битүү хоотойгоор дамжуулан Хэнтий, Чойр, Дорноговь, Өмнөговь аймгийн хүн ам, мал аж ахуй, үйлдвэр, цаашлаад уул уурхайн усны хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Гэвч энэ чухал төслийн тухайн “COP” хурлын бөгсөн дээр нэг “А” гэж аваад таг болсон. Мега төсөл гэж мөрөө хавчиж суухаар уг нь энэ төслөө хэрэгжүүлбэл зүгээр. Гэхдээ олон улсын хурлаар тоож ч харсангүй.
Сэтгэгдэл ( 1 )
yg vnen shuu. hend itgeed hereggui ee. oorsdoo l bid herlen-govi tusuluu hiij govia usjuulah heregtei dee..