Хятадын технологийн шинэ хувьсгал юунд хүргэх вэ?

Я.Болор | Zindaa.mn
56 минутын өмнө

 

Дэлхий та биднийг унтаж байх зуур л өөрчлөгдөж байна гэж 28 настай Чен Таньюй ярина. Түүний хувьд үнэхээр тийм. Тэрбээр оюутнуудад хиймэл оюун ухаан, робот техникийг заадаг учир юунд тэргүүлэх ач холбогдол өгөхийг мэдэхийн тулд шинэ технологийн хөгжлийг өдөр бүр судалж, чөлөөт цагаа автоматжиж буй үйлдвэрүүд дээр өнгөрүүлдэг.

“Хэрэв та нар робот, хиймэл оюун ухааны ертөнцөд хэрэггүй болбол замаас гарна” гэж тэр шавь нараа сургана. Харин оюутнууд нь бүгд л ирээдүй рүү алхах гэхээсээ илүү бүр үсэрч орохыг хүснэ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад улсыг инновацын салбарт тэргүүлэх байр сууринд хүргэх, АНУ-тай энэ салбарт өрсөлдөхийг зорьж байна. Эл төлөвлөгөөндөө 20 тэрбум ам.долларыг төсөвлөжээ.

Хятадын үйлдвэрүүдэд нийт хоёр сая гаруй робот ажиллаж байгаа бөгөөд энэ тоо итгэмээргүй хурдаар өсөж байна. Энэ нь ертөнцийг өөрчлөх нь дамжиггүй. Яг л Хятадын эдийн засгийн шинэчлэл дэлхийг өөрчилсөн шиг. Хятад улс роботуудаа дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд нийт аж үйлдвэрийн роботуудын тэн хагасаас илүү хувийг Хятадад үйлдвэрлэж байна.

 

 

Энэхүү өргөн цар хүрээтэй автоматжуулалт дэлхийн үйлдвэрлэл, худалдаа, инновацын төвд буй Хятадад хэрхэн нөлөөлөх нь одоогор тодорхойгүй. Ажлын хүчний хувьд энэ нь ямар нөлөөтэй вэ? Мэдээллийг хатуу хянадаг Хятадад энэхүү шилжилт өөрчлөлтийн үнэ цэнийг хэрхэн үнэлэх вэ?

Хятадын аж үйлдвэрийн хувьсгал ирээдүйн хятад ажилчдыг тодорхойгүй байдалд оруулж байна. Дэлхий дахин энэ үйл явцыг ажиглаж сууна. Нарны цахилгаан станцууд нүд гялбаж, цахилгаан автомашинуудын ачаар оргил цаг аниргүй өнгөрч, роботууд Ямайкийн домогт Усэйн Болтоос хурдан гүйж байна.

Хүн ам нь буурч, ажлын хүч хөгширч байгаа нь Хятад улсын үйлдвэрүүдээ автоматжуулахаар яарч буйн нэг шалтгаан. Албан ёсны мэдээллээр, 2035 он гэхэд Хятадын хүн амын гуравны нэгийг 60-аас дээш настай хүмүүс эзэлнэ. Зарим мэдээллээр, ирэх 10 жилд тус улсад 60 сая хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлнэ. Энэ нь Францын хүн амтай дүйцэхүйц тоо юм.

Хятад улс, автоматжуулалт нь ажлын хүчний ирээдүйн хомстлыг нөхөнө гэж найдаж байна. Гэхдээ хамгийн гол асуудал нь хурдад оршино. Үйлдвэрлэлийн салбарт өдгөө 120 сая орчим хүн хөдөлмөрлөж байна. Хэрэв Хятад улс хэт хурдтай урагшилбал ажлын байруудаа алдахад хүрч, улмаар үйлдвэрүүдэд ажиллаж буй хоёр сая хүний хувьд аймшигтай цохилт болно гэсэн үг.

 

 

“Онолын хувьд роботууд хоногийн 24 цаг тасралтгүй ажиллах боломжтой. Хүмүүстэй харьцуулахад энэ тэдний том давуу тал. Гэхдээ роботуудад техник үйлчилгээ шаардлагатай. Үүний тулд өдөр бүр тодорхой цаг гаргах шаардлагатай. Үүний сацуу үйлдвэрлэлийн шугамуудыг сар бүр засварлах шаардлагатай байдаг” гэж цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Leapmotor” компанийн дэд ерөнхийлөгч Цао Ли өгүүлжээ.

Эл компанийн хямд өртөгтэй, дэвшилтэт технологи бүхий цахилгаан автомашинууд Европ болон Их Британид эрэлт ихтэй. Автомашин угсрах үйл явцын үе шат бүрт роботууд оролцох ч угсралтын сүүлчийн үе шат руу ойртох тусам хүмүүсийн тоо олширно. Тус компанид 25 мянга гаруй хүн ажилладгаас хэдэн зуун нь будаг нь ханхалсан автомашины эцсийн хяналт, шалгалтыг гүйцэтгэдэг.

 

 

Тэд хэрэггүй болох өдөр тохиох уу?

“Тун боломжтой төдийгүй ойрын үед ч тэр өдөр тохиож магадгүй. Цехүүд 100 хувь автоматжсан” хэмээн Цао ярина.

Хятад улсад том давуу тал бий. АНУ-г бодвол тус улс асар том үйлдвэрийн баазтай. Роботыг үйлдвэрлэхэд шаардлагатай хөдөлгүүр, зай, мэдрэгч гээд бүхий л эд анги гар дор бий. “Хятадад нэг санаа бас бий. Тэдэнд төлөвлөгөө бий. Тэд таван жилийн дараа хаана хүрэхээ мэддэг. Төлөвлөгөөг дээд зэргээр боловсруулж, бүс нутаг, хот бүрт хуваарилна” гэж Олон улсын роботын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Сюзан Биллер ярьжээ. Шэнжэнд робот бүтээхээр шийдвэл тэнд үүнд зориулсан бүхэн бүтэн экосистем бий. Шаардлагатай эд анги олоход нэг цаг л хангалттай. Харин Европт үүний тулд бүтэн долоо хоногт шаардагдана. Гэхдээ Хятад улс роботын их биеийг бүтээхдээ сайн бол АНУ “тархийг” нь, тэр дундаа хиймэл оюуныг бүтээх тал дээр тэргүүлсэн хэвээр буйг хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч Хятадын “DeepSeek”-ээс авхуулаад “Moonshot” компани хүртэл хиймэл оюун ухааны шинэ загваруудыг танилцуулж, АНУ-ын компаниудтай өрсөлдсөөр.

Ихэнх хиймэл оюун ухаан боловсруулагчид open-source зарчмыг баримталж буйн ачаар Хятадын компаниуд АНУ-ын зүгээс тавьж буй хориг арга хэмжээг үл харгалзан өрсөлдөгчдөө гүйцэж чаджээ. Эл өрсөлдөөний дараагийн үе шатыг хэн илүү хэлний загвартай бус хэн энэхүү оюун ухааныг машинд нэвтрүүлж чадах вэ гэдгээр тодорхойлно.

 

 

Тиймээс Хятад улс цаашид юу болохыг тодорхойлох бүхэл бүтэн нэг үе оюутнуудыг төрүүлэхэд хөрөнгө оруулж байна. Ханжоугийн техникийн их сургуульд гэхэд 15 жил суралцаж болно. Бүхэл бүтэн нэг барилга хөдөлгүүр, агаар сансрын техникт зориулагдсан бол хязгаартай нэвтрэх эрх бүхий давхарт оюутнууд Хятад улсыг газрын ховор метал боловсруулах салбарт тэргүүн байранд нь үлдээхийн тулд ажиллаж байна. Энэ салбар нь өрсөлдөөний гол нөөц юм.

Зарим нь үүнийг хятад залуусын ажилгүйдлийн асуудлыг шийдэх нэг гарц хэмээн харна. Тус улсад таван залуу хүн тутмын нэг нь ажил хайж байна. “Манай оюутнууд эрэлт ихтэй. Компаниуд тэдэнд зориулж ажлын байр эртнээс бэлдэн, хадгалдаг. Тэдэнд ажлын байрны талаар санаа зовох зүйлгүй” гэж залуу багш Чен ярина. Түүний хэлснээр, хамгийн гол нь технологийн үйл явцаас хоцрохгүй байх явдал. Эл үйл явц бүтцийн өөрчлөлтийг дагуулж байна. Энэхүү өөрчлөлтөд оюутнуудын ажил эрхлэлтийн ирээдүйн боломжууд нуугдаж байгаа.

Харин автоматжуулалтын улмаас ажилгүй болох эрсдэл нүүрлэж буй хүмүүс энэхүү хувьсгалд хэрхэн хандаж буйг үнэлэхэд хүндрэлтэй. Роботууд тэдэнд боломж өгөх үү эсвэл цалин хөлсийг нь буулах уу?

“Оюутнууд маань надаас цаашид юу болох талаар асуудаг. Би мэдэхгүй гэж хариулдаг. Технологи маш хурдацтай өөрчлөгдөж байна. Гэхдээ бид нэг газраа зогсох эрхгүй. Бид юу чадахаа үзэхийн тулд урагшлах ёстой” гэж Чен өгүүлнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top