Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн талаар гаднын хэвлэлүүд юу бичив?

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр болон Мобиком (KDDI) компанийн удирдлагуудтай холбоотой асуудал олон улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд ороод  байна. Ихэнх хэвлэлүүд болсон хэргийг зөвхөн санамсаргүй гарсан гал гэж үзэхгүй байгаа бөгөөд тусгай хамгаалалттай бүсэд хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй байдал, байгаль орчны эсрэг томоохон гэмт хэрэг болон олон улсын корпорацын хүлээх хариуцлага гэсэн өнцгөөс бичиж байна.

Тухайлбал, Японы хамгийн том англи хэлээр гардаг The Japan Times сонин энэ хэргийг онцолж, Японы харилцаа холбооны аварга компани болох KDDI (Мобикомын 98.84%-ийг эзэмшдэг) болон түүний охин компанийн удирдлагууд Монголд шүүмжлэлийн бай болоод байгааг мэдээлсэн. KDDI-ийн зүгээс "Мобикомын гүйцэтгэх захирал Ясүхиро Очи болон бусад удирдлагууд 4G сүлжээний туршилт, хэмжилт хийхээр хилийн бүсэд нэвтрэхдээ Хилийн цэргийн байгууллагаас урьдчилж албан ёсны зөвшөөрөл авсан" гэж тайлбарласан тухай бичжээ.

Түүнчлэн KDDI компани олон улсын хэвлэлд өгсөн албан ёсны хариултдаа Монголын байгаль орчинд асар их хохирол учруулсандаа Монголын ард түмнээс гүнээ хүлцэл өчиж, мөрдөн байцаалтын ажиллагаанд бүрэн хамтран ажиллахаа мэдэгдсэнийг тус сонин онцолсон байна.

Японы сошиал орчинд япончууд "Япон улсад ийм зөрчил гаргавал асар хатуу хуулийн ялтай байдаг, энэ хэрэг Монгол дахь бүх япон компаниудын нэр хүндийг унагаалаа" хэмээн бухимдаж, хариуцлагаа бүрэн хүлээхийг шаардаж байна. Мөн аравдугаар сарын 8-нд гарсан түймрийг Японы гол хэвлэлүүд яагаад ийм хожуу (аравдугаар сарын 19-нөөс хойш) мэдээлэв гэдэгт ч шүүмжлэлтэй хандаж байна.

Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яам аравдугаар сарын 23-нд албан ёсны мэдэгдэл гаргаж, Мобикомын тээврийн хэрэгслээс үүдсэн түймэрт туйлын ихээр санаа зовниж, Монголын ард түмэнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, шалгалтын ажиллагаа хууль тогтоомжийн дагуу үнэн зөв явагдана гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.

Японы хэвлэлүүд түймэрт Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувь буюу 528,700 гаруй га талбай шатсаныг дурдаад, энэ нь Японы нийслэл Токио хотын газар нутгийг хоёр дахин үржүүлснээс их хэмжээний бүс нутаг болохыг харьцуулан онцолжээ.

Хүчтэй салхи, хуурайшилтын улмаас гал Монголын хил давж, БНХАУ-ын Өвөр Монголын нутаг дэвсгэрт нэвтэрсэн тул Хятадын талаас 3400 гаруй гал сөнөөгч дайчлагдан ажилласныг дурджээ.

БНХАУ-ын хэвлэлүүд: Хил дамнасан экологийн аюул ба "Японы хэвлэлүүдийн нам гүм байдал"

Түймэр Хятад, Монголын хил рүү эрчимтэй тархсан тул БНХАУ-ын төрийн мэдээллийн агентлагууд энэ үйл явдлыг маш өргөн хүрээнд мэдээлж, шүүмжлэлтэй хандаж байна.

Хятадын Синьхуа агентлаг болон China Daily сонин Нөмрөгийн дархан цаазат газрын 79.8% буюу бараг 80 орчим хувь нь түймэрт шатсан бөгөөд энэ нь Токио хотын газар нутгийг хоёр дахин авсантай тэнцэх хэмжээний талбай болохыг дурджээ. Хятадын талаас хилийн дагуу 3,400 гаруй гал сөнөөгч, аврагчдыг дайчлан ажиллуулсныг тэмдэглэсэн байна.

Global Times болон Синьхуа агентлагууд Монголын дотоодын хэвлэлүүдийг эш татан, Японы удирдлагууд сүлжээний ажил биш, харин Улаан номонд орсон, нэн ховордсон "Тул загас" хууль бусаар барихаар тусгай хамгаалалттай бүсийн гол цөм рүү нэвтэрсэн байж болзошгүй гэх сэжгийг дэлхий нийтэд мэдээлсэн.

Хятадын хэвлэлүүд (ялангуяа China Daily) Азийн бусад орнуудад болсон жижиг үйл явдлыг ч орхилгүй мэдээлдэг Японы гол хэвлэлүүд өөрийнх нь үндэсний том корпорац болох KDDI-тай холбоотой энэхүү том экологийн сүйрлийн талаар "нам гүм" буюу маш бага мэдээлж, асуудлыг чимээгүй өнгөрүүлэхийг оролдож байна хэмээн шүүмжлэлтэй өнцгөөс бичжээ.

Олон улсын бизнесийн эрсдэл, даатгалын чиглэлээр дагнасан Business Insurance зэрэг өрнөдийн хэвлэлүүд энэ хэргийн хууль эрх зүйн үр дагаврыг онцолж эхэлсэн байна.
Тус хэвлэлд Монгол Улсын Засгийн газар болон Хууль зүйн сайд А.Тэмүүлэнгийн мэдэгдлийг эш татаж, Монголын төрөөс Японы компанийн удирдлагуудад эрүүгийн болон хуулийн хариуцлагыг хатуу тооцож, байгаль орчинд учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлүүлэхээр ажиллаж байгааг мэдээлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top