.jpg)
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын арван оронд эсэргүүцлийн жагсаал өрнөж, нийт нэг мянга гаруй хүний саатуулжээ.
Франц, Герман, Нидерланд, Австри, Их Британи, Швейцар болон Албанид болсон жагсаал цуглаан богино хугацаанд жагсагчид, хууль хүчнийхний хоорондын мөргөлдөөн болж хувирчээ. Жагсагчид дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж, хаалт босгон шатааж, хууль хүчнийхэн рүү чулуу, шил болон пиротехник хэрэгсэл шидэж байв. Үүний хариуд хууль хүчнийхэн даралттай ус, нулимс асгаруулагч хий хэрэглсэн бол зарим улсад резинэн сум хүртэл ашиглажээ.
Франц улсад 320 мянган хүн жагсаал оролцсон гэж TF1 суваг мэдээлжээ. Тус улс даяар үймээн дэгдэж, дэлгүүрүүдийг тонон дээрэмдэх, цагдаа нартай мөргөлдөх зэрэг хэрэг гарсан байна. Францын цагдаа нийт 560 гаруй жагсагчийг саатуулсан байна. Германд Францын жагсагчидтай эв санааны нэгдлээ илэрхийлэн 100 мянга гаруй хүн жагссан байна. Тус улсын 30 гаруй хотод өрнөсөн эсэргүүцлийн жагсаал мөн л үймэн болон хувирч, дэлгүүр тонон дээрэмдэх, хууль хүчнийхэнтэй мөргөлдөөн гарчээ. Германд 60 гаруй хүнийг баривчилж, цагдаагийн 27 алба хаагч гэмтэж бэртсэн байна.
Цюрих хотод мөн үймээн самуун дэгджээ. Жагсаал нь "Бид залхлаа — Швейцарт ч мөн адил" гэсэн уриан дор өрнөж байна. Оюутнууд болон зүүний үзэлтэй залуучууд засгийн газрын төсвөө хэмнэх бодлого, амьжиргааны өртөг нэмэгдэж буйг эсэргүүцэн, нийгэм-эдийн засгийн тэгш бус байдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Хэллоуины баярын үеэр сонирхогчид маск зүүн үймээн дэгдээж, Европ даяар өрнөж буй залуусын хөдөлгөөнөөс сэдэвлэжээ. Олон нийтийн өмчийг сүйтгэж, цагдаа нар руу халдсан тул хяналт чангарав. Зүүний хүчнийхэн болон оюутны холбоод улам тэмцэж, арваннэгдүгээр сарын 20-нд орон даяар бүх нийтийн ажил хаялт зарлахаар уриалаад байна.
Хааг хотод (Нидерланд) залуучуудын гэнэтийн эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр мөн мөргөлдөөн гарч, цагдаагийнхан 34 хүнийг саатуулсан тухай Hart van Nederland хэвлэл мэдээллээ. Цахим орчинд залуучуудыг дайчилж, дэлгүүр тонон дээрэмдэх зэрэг эмх замбараагүй байдал үүсгэхийг уриалсан уриалагын дагуу үймээний шинжтэй цугларалт үүссэнийг цагдаа нар шуурхай тарааж, 34 хүнийг баривчилсан байна.
Австри улсад, Der Standart сонины мэдээлснээр, 100 мянга орчим хүн жагсаалд оролцсон байна. Жагсагчид парламентын ордны гадна Палестины далбааг мандуулж, дараа нь "Залуучууд, ирээдүй, социализм" хэмээн хашхирсаар Венийн их сургууль руу чиглэн алхжээ Австрийн Оюутны холбооноос засгийн газрын боловсролын салбарын төсвийг танах шийдвэрийг эсэргүүцэн "Улаан түгшүүр — Их сургуулиудаа аваръя" уриан дор тэмцэж байна. Төсөв танагдсанаар хичээлийн хөтөлбөрүүд цөөрч, оюутны дэмжлэг муудна гэж үзэж байна. Үүн дээр зүүний үзэлт залуус болон Палестиныг дэмжигч хөдөлгөөнүүд нэгджээ.
Түүнчлэн Тирана хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж, Албанийн засгийн газрын бодлогод сэтгэл дундуур байгаа иргэд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан байна. АТА агентлагийн мэдээлснээр, засгийн газрын байрны гадна жагсаж байсан оролцогчдын эсрэг цагдаагийнхан нулимс асгаруулагч хий, усан буу ашиглажээ. Жагсагчид хууль сахиулагчид руу шатаагч шингэнтэй шил (Молотовын коктейль) болон чулуу шидэж байсан аж. Анх 5 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнерийн хэрэгжүүлэх гэж байсан эко амралтын газрын төслөөс үүдэж "Фламингогийн хувьсгал" нэртэйгээр эхэлсэн. Сүүлийн сард үүн дээр оюутнуудын сургалтын төлбөр, их сургуулиудын муу орчин, залуусын ажилгүйдэл нэмэгдэж, 13 жил засаг барьж буй Ерөнхий сайд Эди Рамаг авлига авсан, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан хэмээн огцрохыг шаардаж байна.
Лондон дахь АНУ-ын Элчин сайдын яамны гадна болсон эсэргүүцлийн жагсаал нь Их Британид үйл ажиллагааг нь терроризмын хуулиар хориглоод буй "Palestine Action" хэмээх Палестиныг дэмжигч шууд тэмцлийн бүлгийг хамгаалах зорилготой байв. Уг бүлгийг хориглосон нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан гэж иргэний нийгмийнхэн үзэж байна. Жагсагчид "Би геноцидыг эсэргүүцэж байна, Palestine Action-ийг дэмжиж байна" гэсэн уриа барьсан байв.
Португалийн Лиссабон болон Порту хотуудад орон сууцны үнийн хямралыг эсэргүүцсэн иргэд талбай дээр майхантай хонож байна. Үүнтэй зэрэгцэн Испанийн Барселона хотод цагдаа нартай хүчтэй мөргөлдөөн болсон бол Польшийн Варшавт Үндсэн хуулийн цэцийн удирдлагын бүтцийг эсэргүүцсэн улс төрийн жагсаал өрнөж байна.
Сэтгэгдэл ( 0 )