Шүлхийн намрын дархлаажуулалтад 5.0 сая мал хамруулжээ

Я.Болор | Zindaa.mn
52 минутын өмнө

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2026 онд 17 нэрийн халдварт өвчнөөс 17.2 сая толгой малыг урьдчилан сэргийлэхээр өвчний гаралт тархалтад тулгуурлан төлөвлөж, 16.3 сая толгой мал хамруулж 94.3 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж байна.

 Шүлхий өвчний О, SAT-1 хэвшлээс урьдчилан сэргийлэх 2026 намрын дархлаажуулалтад нийт 13 аймаг, нийслэлийн 101 сумын 5.0 сая толгой мэдрэмтгий мал сүргийг хамруулаад байна.

Төв, говийн бүсийн 8 аймгийн үхэр, гахайг дархлаажуулахад шаардагдах 3.6 сая тун вакциныг худалдан авах бэлтгэл ажлыг хангаж, төсвийн тодотгол хүлээгдэж байна.  

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад эрсдэл бүхий 4 аймгийн 2.7 сая толгой бог малын төлийг хамруулах ажил 47.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт эрсдэл бүхий 10 аймгийн 14.9 сая толгой мэдрэмтгий мал сүргийг хамруулахаас 11.6 сая толгойг 77.8 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

Ямааны годронгийн вакцины омог гарган авах, үйлдвэрлэхтэй холбоотойгоор нийт 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын нөөцөөс шийдвэрлэн, 1.5 сая тун вакциныг үйлдвэрлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн шүлхийн вакцины савлагааны ажлыг зохион байгуулах чиглэлээр холбогдох ажлын хэсэг гарч, шуурхай ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top