“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын Ч:81 чиглэлийн 15-067 дугаартай автобусны жолооч Д.Эрдэнэтуяа өчигдөр буюу аравдугаар сарын 29-ний өдөр хүний амь нас аварчээ.
Тодруулбал, тэрбээр 20:49 цагийн үед нийслэлийн Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын орчимд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж явахдаа арын жижиг автомашинд шүргүүлсэн байна.
Гэвч тухайн автомашины жолооч зогсолгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлж байсан тул Д.Эрдэнэтуяа автобусаа зогсоон, нөхцөл байдлыг шалгахаар очжээ.
Ингэхэд автомашины жолооч ухаан алдсан байсныг олж мэдсэн байна. Улмаар тэрбээр яаралтай түргэн тусламж дуудан, тухайн иргэнийг эмнэлгийн тусламжид хүлээлгэн өгчээ.
Ийнхүү автобусны жолооч Д.Эрдэнэтуяа шуурхай, анхааралтай ажилласнаар хүний амь насыг аврахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )