Нэгдүгээр ангийн сурагчид хоёрдугаар улирлаас “Нийгэмшил, сэтгэл хөдлөл”-ийн хичээл үзнэ

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

2026–2027 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид “Нийгэмшил, сэтгэл хөдлөл” хичээл үзэж эхэлнэ.

Тус хичээл нь хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн хөгжлийг системтэй дэмжих зорилготой бөгөөд өөрийгөө ойлгох, сэтгэл хөдлөлөө удирдах, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах зэрэг амьдралын суурь чадварыг төлөвшүүлэхэд чиглэж байна.

Хөтөлбөрийг “Би”, “Бусад”, “Бид” гэсэн үндсэн гурван агуулгын хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд нийт зургаан хүрээ, 24 чадамжийг эзэмшүүлэх юм. Ингэснээр сурагчид өөрийн мэдрэмжийг таньж мэдэх, зөв илэрхийлэх, бусдыг ойлгох, эерэг харилцаа тогтоох, зөрчил маргааныг зөв шийдвэрлэх чадварт суралцана.

Энэхүү агуулга нь өмнө нь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн үндсэн сургалтын хөтөлбөрт тусгагдаагүй байсан бол зарим төрийн бус өмчийн сургуулиудад хэрэгжиж иржээ.

Хичээлийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд багш нарыг тусгай арга зүйгээр бэлтгэн сургасан бөгөөд сурагч бүрд “Миний сайхан сэтгэлийн дэвтэр” олгох юм. Уг дэвтэр нь хүүхдийн өдөр тутмын эерэг дадал, зөв хандлага, өөрийгөө ойлгох чадварыг хөгжүүлэхээс гадна гэр бүлийн харилцаа, харилцан ойлголцлыг дэмжих ач холбогдолтой.

Мөн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага, зөвлөмжийг боловсруулан түгээхээр төлөвлөжээ. Ингэснээр хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн хөгжлийг сургууль, гэр бүл хамтран дэмжих нөхцөл бүрдэх юм.

Түүнчлэн сурагчдыг зөвхөн эзэмшсэн мэдлэгээр бус, хөгжлийн түвшин, чадвараар нь үнэлэх тогтолцоог нэвтрүүлнэ. Багш нар сурагчдын 24 чадамжийн хөгжлийг үнэлж, шаардлагатай дэмжлэгийг цаг тухайд нь үзүүлэх боломжтой болох аж.

Хичээлийн хүрээнд сурагчид “Би сурагч”, “Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ?”, “Өөртөө болон бусдад хэрхэн энэрэнгүй хандах вэ?”, “Мэдрэмжээ хэрхэн зөв илэрхийлэх вэ?”, “Зөрчлийг хэрхэн зөвөөр шийдвэрлэх вэ?” зэрэг сэдвээр суралцана.

Энэхүү хичээл нь хүүхдийг академик мэдлэгээс гадна өөрийгөө ойлгож удирдах, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах, нийгэмд зөв оролцох чадвартай болгон төлөвшүүлэхэд чиглэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top