Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Бүгд Найрамдах Беларусь Улсад албан айлчлал хийж байна. Энэ хүрээнд тэрбээр "Беларусь-Монголын бизнес форум"-д оролцож, нээлтийн үеэр хэлсэн үгийг нь хүргэж байна.
Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Монгол, Беларусийн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болсон Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан хүндэтгэл, итгэлцэлд тулгуурлан олон жилийн турш тогтвортой хөгжиж ирсэн. Энэхүү харилцааны суурь дээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, бизнес эрхлэгчдийн хоорондын шууд харилцааг идэвхжүүлэх нь бидний өмнө тавигдаж буй чухал зорилтын нэг юм.
Өнөөдөр хоёр орны бизнесийн төлөөлөл нэг дор хуран цуглаж, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааны шинэ боломжийг хэлэлцэж байгаад баяртай байна.
Цаашид Монгол, Беларусийн эдийн засгийн харилцааг зөвхөн бараа бүтээгдэхүүний худалдаагаар хязгаарлахгүй, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, технологи, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гуравдагч зах зээлд хамтран гарах зэрэг урт хугацааны түншлэлд тулгуурлан хөгжүүлэх шаардлагатай байна.
Эрхэм хүндэт зочид оо,
Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, боловсруулах болон хөнгөн үйлдвэр, машин үйлдвэрлэл, эрчим хүч, тээвэр, логистик зэрэг салбарт гадаадын хөрөнгө оруулалт, технологи, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Беларусь Улс эдгээр салбарын олон чиглэлд үйлдвэрлэлийн туршлага, техник, технологийн шийдэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхтай. Тиймээс Беларусийн компаниудын технологи, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн туршлагыг Монголын түүхий эд, үйлдвэрлэлийн боломж, зах зээлийн хэрэгцээтэй уялдуулах замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна.
Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт техник, тоног төхөөрөмж, малын үржүүлэг, хүнсний үйлдвэрлэл, хадгалалт, боловсруулалтын технологи зэрэг чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байна.
Мөн машин үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, техникийн шинэчлэлийн чиглэлээр Беларусийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах нь Монгол Улсын үйлдвэрлэлийн бүтээмж, технологийн түвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.
Бидний хувьд цаашид зөвхөн бэлэн бүтээгдэхүүн худалдаалах бус, хамтарсан үйлдвэр байгуулах, технологи нутагшуулах, Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар гуравдагч зах зээлд хамтран гарах боломжийг түлхүү эрэлхийлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ,
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд шинэ боломжийг бий болгож байна.
Тус хэлэлцээр 2025 оны 6 дугаар сард Минск хотноо байгуулагдаж, 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн.
Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд экспортлох тодорхой нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдсэн нь Монголын үйлдвэрлэгч, экспортлогчдод шинэ зах зээлд гарах таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
Энэ боломжийг бид зөвхөн худалдааг нэмэгдүүлэхэд бус, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ашиглах нь чухал юм.
Тухайлбал, Монголын түүхий эдийг Беларусийн технологи, тоног төхөөрөмжтэй хослуулан боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд нийлүүлэх боломжийг судалж болно. Энэ нь хоёр орны бизнес эрхлэгчдэд харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ гарцыг нээж байна.
Монголын бизнес эрхлэгчид Беларусийн аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн туршлага, технологи, тоног төхөөрөмжийг ашиглахын зэрэгцээ Монгол Улсын түүхий эд, үйлдвэрлэлийн нөөц, зах зээлийн боломжийг хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой.
Үүний нэг жишээ нь Монголын “Могол ноос” ХХК болон Беларусийн “Оршанский льнокомбинат” компанийн хамтын ажиллагаа юм. Талууд монгол хонины ноос, ямааны ноолуурыг Беларусийн маалингатай хослуулан шинэ төрлийн утас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
Энэ мэтчилэн хоёр орны түүхий эд, технологи, үйлдвэрлэлийн боломжийг хослуулсан төслүүдийг нэмэгдүүлэх нь цаашдын хамтын ажиллагааны чухал чиглэл байх болно.
Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,
Өнөөгийн олон улсын худалдаа, эдийн засгийн орчинд төлбөр тооцоо, санхүүжилт, тээвэр, логистик зэрэг тодорхой хүндрэл тулгарч байгаа хэдий ч эдгээрийг шийдвэрлэх, бизнесийн хамтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг хоёр тал хамтран эрэлхийлэх нь чухал байна.
Монгол Улсын Засгийн газар бизнес эрхлэгчдийн шууд харилцааг дэмжиж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд шаардлагатай эрх зүй, институцийн орчныг боловсронгуй болгох, бизнесийн орчныг тогтвортой, нээлттэй байлгахад анхаарч ажиллана.
Мөн хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцааг тогтмолжуулах, мэдээлэл солилцох, бизнесийн түнш хайх, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх шаардлагатай байна.
Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ,
Өнөөдрийн форумын гол ач холбогдол нь хоёр орны бизнес эрхлэгчдэд шинэ түншлэл тогтоох, шинэ төсөл санаачлах, хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эхлүүлэх боломж олгож байгаад оршиж байна.
Монгол Улс Беларусь Улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчидтай урт хугацаанд, харилцан ашигтай, тогтвортой хамтран ажиллахад нээлттэй байна.
Иймээс Та бүхнийг Монгол Улсад хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэр байгуулах, технологи нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хоёр орны давуу талыг ашиглан шинэ зах зээлд хамтран гарах боломжийг идэвхтэй эрэлхийлэхийг урьж байна.
Өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгээс бодит төсөл, шинэ түншлэл, цаашдын хамтын ажиллагааны тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
Монгол, Беларусийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ агуулга, шинэ төсөл, шинэ боломжуудаар улам бүр өргөжин хөгжихийг хүсэн ерөөе.
Та бүхэнд бизнесийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 0 )