Японы эрх баригчид энх тайванч Үндсэн хуулиа эргэн харна

Я.Болор | Zindaa.mn
49 минутын өмнө

Японы эрх баригч эвслийн намууд Үндсэн хуулийн цөмийн зэвсгээс татгалзахыг тунхагласан “энх тайванч” 9-р зүйл заалтыг эргэн харах зорилгоор улстөрийн зөвлөгөөн эхлүүлэх шийдвэр гаргажээ.

Киодо агентлагийн мэдээлснээр, Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн тэргүүлдэг Либерал ардчилсан нам Үндсэн хуулийн 9-р заалтыг үндсэнд нь үлдээж, Японы өөрийгөө батлан хамгаалах хүчинд хуулийн статус олгох зүйл оруулахыг санал болгож байна.

Эрх баригч эвсэлд багтдаг “Японыг шинэчлэх нийгэмлэг” нам Үндсэн хуулийн 9-р заалтын хуурай зам, тэнгис болон нисэх хүчин байгуулахыг хориглодог хэсгийг авч хаяхыг санал болгож байна. Үүний оронд тус нам Үндэсний батлан хамгаалах армитай болох эрхийг хангасан зүйл заалт оруулах байр суурьтай байна.

Японы Үндсэн хуулийн 9-р зүйлийн нэгдүгээр хэсэгт Японы ард түмэн үндэстний тусгаар эрхийнхээ хүрээнд дайн хийх болон олон улсын маргааныг шийдвэрлэх хэрэгсэл болгон зэсвэгт хүчнийг хэрэглэхээс үүрд татгалзаж байна гэж тунхаглажээ. Гэсэн хэдий ч Япон улс өөрийгөө батлан хамгаалах хүчин байгуулсан бөгөөд энэ нь онолын хувьд цагдаагийн хүчний нэг онцгой хэлбэр гэж үздэг.  

Дэлхийн хоёрдугаар дайны дараа баталсан Японы Үндсэн хуульд нэг ч удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байгаагүй байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад парламентын хоёр танхимын гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн дэмжлэг хэрэгтэй. 2026 оны хоёрдугаар сард явуулсан сонгуульд Либерал ардчилсан нам гол доод танхимд гуравны хоёроос илүү суудал авсан ч дээд танхимд олонхын суудал авч чадаагүй билээ. Парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай шийдвэр гаргасан ч бүх нийтийн санал асуулга явуулах шаардлагатай. Тус улс бүх ард түмний санал асуулга нэг ч удаа явуулж байгаагүй түүхтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top