Эрх мэдлийн цулбуурын төлөөх МАН-ын зодоон Хүүк, Нямбаа гэх шинэ ангиар үргэлжилж байх хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын татан авалт эрс буурчихаад байна. Манай экспортын гол судас болсон энэ боомт чухам юунаас болж боомилогдоод байгааг тогтоохын оронд ҮАБЗ-ийн дарга нь хотын экс даргатайгаа “зодолдсоор”л байна. Юун гуя гэдэг шиг Бага тэнгэрт “баахан” байшинтай ч болоотхов.
Гашуунсухайт-Ганцмод боомтоор өмнө нь хоногт “Оюу Толгой”-н зэсийн баяжмал бүхий 13-15 цуваа нэвтэрдэг байж. Харин Хятадын тал Ганцмод боомтын тал татан авалтаа огцом цөөрүүлснээс болж өдөрт ердөө 3-4 цуваа л нэвтэрч байгаа аж. Одоо мэдэгдэж байгаагаар Хятадын тал Ганцмод боомт болон түүний ойр орчмоор завсар үйлчилгээ, техникийн шинэчлэл хийж байгаа. Чухам үүнээс үүдан боомтын нэвтрэх чадвар, татан авалтын хугацаа саарсан. Гэвч Хятадын талаас экспортын бууралтын шалтгааныг албан ёсоор тайлбарлахгүй байна. Хоёр талын холбогдох албаныхан уулзсан гэх боловч дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй.
Хэрэв энэхүү хязгаарлалт он дуустал (ойролцоогоор 2.5 сар орчим) энэ хэвээр үргэлжилбэл "Оюу толгой" компани нийтдээ 1.2 тэрбум ам.доллар хүртэлх экспортын орлогоо алдах эрсдэлтэй байна.
Нээлттэй мэдээллээс харвал манай талаас Гадаад харилцааны яам, Зам тээврийн яамны холбогдох албан тушаалтнууд дипломат шугамаар Хятадын талтай холбогдож яриа хэлэлцээг үргэлжлүүлж буй. “Оюу Толгой” компани болон тээвэр зуучийн байгууллагууд хил дээр үүссэн дараалал, гацааг бууруулахын тулд тээврийн хэрэгслийн хуваарь, зохион байгуулалтад шуурхай өөрчлөлт оруулжээ. Баяжмалыг боомт руу чиглүүлэн түгжрэл үүсгэхгүйн тулд уурхай дээрх агуулахын нөөц болон тээврийн цувааны хөдөлгөөнийг зохицуулах түр зуурын арга хэмжээг авсан байна.
Хэдийгээр холбогдох яамд Хятадын талтай харилцан зөвшилцөх замаар боомтын нэвтрэх чадварыг хэвийн байдалд нь оруулахаар ажиллаж байгаа ч хойд хөршийн засвар үйлчилгээ, техникийн шинэчлэл хэзээ дуусахаас хамааран экспортын орлогод нөлөөлөх нөхцөл бүрдчихлээ. Хэрэв саатал он дуустал үргэлжилбэл “Оюу Толгой” орлогоосоо их хэмжээний хохирол хүлээх эрсдэлтэй. Валютын орж ирэх урсгал саатаж, төгрөгийн ханшид нөлөөлөх ч эрсдэл байна. Түүнчлэн борлуулалт хийгдэхгүй удааширснаар компанийн мөнгөн урсгал, бэлтгэн нийлүүлэлгчдийн төлбөр тооцонд сөргөөр нөлөөлнө. Экспортод гарах ёстой баяжмал боомт дээр нэвтэрч чадахгүйгээс үүдэн уурайн агуулах болон логистикийн сүлжээ түгжирнэ. Үйлдвэрлэлийн мөчлөгт ч дарамт үзүүлнэ. "Оюу Толгой" нь Монгол Улсын топ татвар төлөгч. Улсын төсөвт тодорхой байр суурь эзлэх компани. Экспорт хумигдсанаар улсын төсөвт орох ёстой АМАТ-ын орлого, борлуулалтын татварууд шууд тасалдана. Борлуулалт саарч, орлого буурснаар компаниудын ашигт ажиллагаанд нөлөөлж, оны эцэст төвлөрөх татварын хэмжээ буурна. Зэсийн баяжмалын борлуулалт саарснаар дотоод валютын зах зээлд ам.долларын орох урсгал богино хугацаанд хумигдана. Гадаад валютын албан нөөцөд дарамт учруулж, төгрөгийн ам.доллартай харьцах хашид сөргөөр нөлөөлнө.
Хятадын тал Ганцмод боомт орчимд техникийн шинэчлэл хийж байгаагаас шалтгаалан татан авалт саарсан.
Оюутолгойн “Оюу Толгой” төслийн Төрийн эзэмшлийн хувьцаанд ногдох ногдол ашгаас гурван их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцоолсон. Гэвч улс төрийн хэрүүл, өнөө маргаашийн оноо авах гэсэн өлөн улстөрчдийн хатгаасаар ирээдүйн төсөл хөтөлбөрт бус, ирээдүйн өв санд оруулахаар боллоо. “И-Монголиа” дээр харагддаг мөнгөн дүн нь хэзээ нэмэгдэх нь эргэлзээтэй байтал ийнхүү “Оюутолгой”-н экспорт тасалдах бодитой нөхцөл бүрдчихлээ. Гэвч эрх баригч намын эрх мэдлийн төлөөх зодооны тоосонд дарагдаад анзаарах сөхөө алга.

Сэтгэгдэл ( 0 )