Баянзүрх дүүрэгт “Бидний дүүрэг – Бидний дуу хоолой” хүүхдийн чуулган зохион байгууллаа

О.Должин | Zindaa.mn
51 минутын өмнө

Хүүхэд, өсвөр үеийнхний өмнө тулгамдаж буй асуудлыг тэдний оролцоотойгоор тодорхойлох, санал санаачилгыг нь сонсох, шийдвэр гаргах түвшинд хүүхдийн дуу хоолойг хүргэх зорилгоор “Бидний дүүрэг – Бидний дуу хоолой” хүүхдийн чуулганыг өнөөдөр зохион байгууллаа.

“Сонсъё – оролцуулъя – хамтдаа шийдье” уриан дор зохион байгуулсан тус чуулганд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн И.Баттөгс, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид, Хүүхдийн зөвлөлийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид зэрэг 500 гаруй хүн оролцсон юм.

Чуулганаар хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангахад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн санал, санаачилгыг сонсож, шийдэл боловсруулахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьжээ.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн “Хүүхдийн элч”-ээр Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхжин, “Гэгээн Энхийн туяа” НҮТББ-ыг үүсгэн байгуулагч О.Энхтамир нарыг, Баянзүрх дүүргийн Хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүнээр ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Содбилэгийг тус тус сонгосон байна.

Мөн чуулганаар хүүхдийн хөгжил, эрх хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн санал санаачилгыг дэмжих, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн “Баянзүрх дүүргийн Хүүхдийн зөвлөлийн илгээлт – 2026” уриалгыг боловсруулжээ.

Уг уриалгыг салбар бүрийн бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлснээр хүүхдийн эрхийн хэрэгжилтийг сайжруулах, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх ач холбогдолтой юм.

Чуулганаас гарсан санал, санаачилгыг нэгтгэсэн “Баянзүрх дүүргийн Хүүхдийн зөвлөлийн илгээлт – 2026” уриалгыг Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн И.Баттөгсөд гардуулан өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top