Нөмрөгийн ДЦГ-т учирсан хохирлыг тогтоох, нөхөн сэргээхэд Японы талтай хамтарна

Я.Болор | Zindaa.mn
57 минутын өмнө

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоолол гарсан.

Түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоохоор сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас орон нутгийн байгаль орчны болон хууль сахиулах байгууллагуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор 17 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг ажиллуулж байна.

Шинжээчдийн багт байгаль орчны үнэлгээний мэргэжлийн холбоо, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Экологийн цагдаагийн албаны төлөөлөл, түүнчлэн газарзүй, амьтан, ургамал, ой, биологи, агаарын чанар, эрсдэлийн менежмент, ойн түймрийн чиглэлээр мэргэшсэн судлаач, шинжээчид багтсан.

Тус баг түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын цар хүрээ, нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, цаашдын нөхөн сэргээлтийн арга хэмжээг тодорхойлоход дэмжлэг үзүүлж байна.

Нөмрөгийн дархан цаазат газар нь Их Хянганы нурууны баруун хэсэгт орших, Монгол орны зүүн бүсийн ой, ойт хээр, тал хээр, гол мөрний экосистемийг цогцоор нь хамгаалдаг, биологийн олон янз байдлын онцгой ач холбогдолтой газар юм.

Анх 1992 онд улсын тусгай хамгаалалтад авч, 2019 онд өргөтгөн нийт 587.7 мянган га талбайг хамруулсан бөгөөд 487 зүйлийн ургамал, 263 зүйлийн шувуу, 24 зүйлийн загас бүртгэгдсэн. Түүнчлэн дорнын молцог хандгай, хүрэн баавгай, халиун буга, голын халиу зэрэг ховор амьтдын амьдрах орчин болдог тул түймрийн дараах нөхөн сэргээлтийг экосистемийн онцлог, биологийн олон янз байдлыг харгалзан төлөвлөх шаардлагатай байна.

Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх нар Япон Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны газрын дарга Дэвид Цүнакакэ, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын биологийн олон янз байдал, экосистемийн хамгааллын ахлах зөвлөх, доктор Мотохиро Хасегава болон бусад албаны төлөөлөлтэй уулзаж, түймрийн хохирлыг үнэлэх, экосистемийг нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтаар түймрээс дайжин, өртөөгүй нутаг дэвсгэрт шилжин байрласан ховор амьтдын амьдрах орчныг хамгаалах, шаардлагатай биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх, түймэрт өртсөн экосистемийн нөхөн сэргэх боломжийг судлах, хохирлын үнэлгээнд тулгуурлан богино, дунд, урт хугацааны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулахад Японы талын мэргэжлийн болон техникийн дэмжлэгийг авах талаар ярилцав.

Энэ үеэр доктор Мотохиро Хасегава АНУ-ын Йеллоустоун үндэсний паркт 1988 онд гарсан томоохон түймрийн дараах экосистемийн нөхөн сэргэлтийн судалгаанд оролцож байсан туршлагынхаа талаар мэдээлж, уг туршлагаас Нөмрөгийн нөхцөлд ашиглах боломжийн талаар Монголын мэргэжлийн байгууллага, судлаачидтай туршлага солилцохоор тохиролцлоо.

Талууд мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Японы талд өмнө нь хүргүүлсэн цөлжилт, газрын доройтлыг бууруулах төслийн санал болон зуд, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.

Үүний зэрэгцээ яамны зүгээс Армен Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (CBD COP17)-ын хүрээнд Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн хохирлын үнэлгээ, экосистемийн нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагаанд олон улсын байгууллага, түнш орнуудын дэмжлэгийг татан оролцуулахаар ажиллаж байна.

Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлт нь зөвхөн түймэрт өртсөн талбайн ургамлан бүрхэвчийг сэргээхээс гадна ховор амьтдын амьдрах орчин, экосистемийн уялдаа холбоо, биологийн олон янз байдлыг урт хугацаанд хамгаалах цогц ажил юм.

Иймд хохирлыг бодитой тогтоох, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулах, олон улсын мэргэжлийн дэмжлэг, санхүүжилтийг татах ажлыг уялдуулан хэрэгжүүлэхэд анхаарч байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (64.119.20.205)  26 минутын өмнө

манайд өгсөн зээлийг нь тэглүүл

0  |  0
Top