Баянзүрх дүүрэгт шуурхай албаны автомашинууд зогсоолын хаалтаар саадгүй нэвтрэх боломж бүрдүүллээ

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Баянзүрх дүүргийн хэмжээнд эмнэлэг, цагдаа, онцгой байдлын албаны автомашинууд дуудлага, мэдээллийн дагуу шуурхай ажиллагаа явуулах үедээ авто зогсоолын хаалтаар саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Тодруулбал, тус дүүрэгт замын хөдөлгөөний дүрмийн дагуу давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцдог, тусгай дуут болон гэрлэн дохио бүхий шуурхай албаны автомашинуудыг орон сууцны хотхон, хорооллын зогсоолын хаалтаар саадгүй нэвтрүүлэх зорилгоор “ЮуБиЧип” олон үйлдэлт удирдлагын системийг нэвтрүүлсэн байна.

Уг систем нь төрөл бүрийн авто зогсоолын хаалтыг нэг удирдлагаар нээх боломжтой бөгөөд энэ хүрээнд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн түргэн тусламжийн 103 дуудлагын төвийн 20, Онцгой байдлын хэлтсийн 25, цагдаагийн байгууллагын 1, 2, 3 дугаар хэлтсийн 41 автомашинд тус системийг хүлээлгэн өгчээ.

Ингэснээр шуурхай албаны автомашинууд хотхон, хороолол руу цаг алдалгүй нэвтэрч, дуудлагын цэгт хүрэх боломж нэмэгдэж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм.

Мөн авто зогсоолын хаалтын нэгдсэн удирдлагын системд холбогдох нийт 728 хаалтаас 546 хаалтын толгой чипийг идэвхжүүлсэн бөгөөд хэрэгжилт 75.2 хувьд хүрсэн байна.

Үүнээс орон сууцны 566 хаалтаас 241 буюу 42.6 хувь, аж ахуйн нэгж, байгууллагын 162 хаалтаас 55 буюу 35.2 хувийг тус тус идэвхжүүлжээ. Түүнчлэн 44 орон сууцны хаалтын толгой чип гээгдсэн гэх мэдээллийг тодруулан, холбогдох ажлыг зохион байгуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top