Инфляцыг НАМ биш ЗАХ ЗЭЭЛ зохицуулдаг юм!

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “мэргэн” үг айлдана лээ. “Намын бүлэг ажлын хэсэг байгуулж инфляц, мөнгөний бодлогыг хэрхэн зөв зохицуулах талаар судална” гэж. Ер нь л МАН-ын хөл толгой бүү хэл логик нь ч ойлгогдохоо байсан. Одоо дээр нь нэмээд зах зээлийг нэг муу намын бүлгийн ажлын хэсэг шийдээд, түүнийг нь зохицуулдаг болох нь. Үгүй мөн амар шүү. Дээрэмчид засаглаад одоо манайхан хамгаалж байгаа Хайти ч, төрийн эргэлтээр хунтын засаг тогтсон Буркино Фасод ч ийм боломж байдаггүй юм. Пуужинтай жаалын тонгочдог Умардад ч ийм зүйл байхгүй.

Ер нь ч тэгээд инфляц гээч юмны уг углуурга нь Ж.Батжаргалын өвөртөлсөн улаан батлах л юм шүү дээ. Сүүлийн 10 жил манай мөнгөний бодлого тэс өмнөө явж ирсэн. Монголбанкыг зодуурын хүүхэд болгож ашиглаад бодлогын шийдэл бус өнөө маргаашийн улс төрийн оноог чухалчлаад гаргасан шийдвэрийн л үр дүн юм шүү дээ. Энгийнээр инфляц бол бараа болон үйлчилгээний үнэ ерөнхий дүнгээр өсөхийн нэр. Яагаад өсдөг гэвэл мөнгөний нийлүүлэлт, зээлийн хэмжээ тэлээд л байвал инфляц өсөөд л байна. Крантаа хаахгүй бол замбараагаа алдана. Төсөв, мөнгөний бодлогын уялдаагүй байдал, импортын хэт хамаарал, дотоодын дэд бүтцийн гажуудал өнөөгийн инфляцын сэжүүр юм. Сэжүүр явж, явж Ардын намд байгаа гэдгийг тэнэг хүн ч хараад ойлгоно.

Ухамсарт нийгмийн эдийн засгийн харилцаанд намын бүлэг ажлын хэсэг байгуулаад инфляц бууруулж, мөнгөний бодлогыг зохицуулдаггүй юм. 

Ж.Батжаргалын алдаа: Нэгдүгээрт, улс төрийн намын бүлэг тэр дундаа ажын хэсэг гаргаж мөнгөний бодлогыг зохицуулна гэдэг нь эдийн засгийн хууль тогтоомж, институцын бие даасан байдалд бүдүүлгээр халдаж буй үйлдэл. Инфляцтай тэмцэх, мөнгөний бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг гагцхүү Монголбанканд хадгалагддаг.  Хоёрдугаарт, инфляцыг намын бүлгийн ажлын хэсэг байгуулмагцаа “таван хувьд хадгалагдсугай” гээд тогтоочихдог захиргааны шинжтэй үйлдэл биш. Энэ бол эрэлт, нийлүлэлт хийгээд дэлхийн зах зээлийн байдал, валютын ханш, төсвийн алдагдал зэрэг эдийн засгийн харилцаанд буй бодит хүчин зүйлс дээр үүсдэг зах зээлийн үзэгдэл. Үүнийг улс төрийн шийдвэрээр шийддэггүй юм. Гуравдугаарт асуудлыг уг сууриар нь хар. Төсвөөр тоглож төрд үлдэх гэсэн Ардын намынхаа гишүүд, өөрийнхөө эдийн засгийн наад захын мэдлэгт анхаар. Инфляцын гол шалтгаан нь төсвийн хэт тэлэлт, алдагдал, Засгийн газрын хавтгайрсан зардал, мөнгөний нийлүүлэлт зэрэг улстөрчдийн өөрсдийнх нь шийдвэр үүнд нөлөөтэй. “Ажлын хэсэг байгуулна” гэх нэрээр гол асуудлаас анхаарлыг бүү холдуул.

Ж.Батжаргалд өгөх зөвлөгөө.“Чи битгий хуц аа” гэж Б.Галсансүх шиг загнах нь ч хаашаа юм гэхдээ. Гэхдээ Ж.Батжаргалын ойлгож мэдэх ёстой хэд, хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, төсвийн зардал жил бүр тэлж, Засгийн газрын зардал нь ч нэмэгддэг. Зардал тэлэхийн хэрээр зах зээлд бэлэн мөнгөний эргэлт нэмэгддэг. Энэ нь эрэлтийг хэт өдөөж, бараа үйлчилгээний үнэ өсөх суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхээр хувийн хэвшил ч дагаад нэмэх шаардлага үүснэ. Энэ нь нэг талаар худалдан авахыг чадварыг сайжруулж буй мэт боловч, нөгөө талаар үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгчи ажиллах хүчний зардал болон бүтээгдэхүүнийхээ үнийг шууд шингээ үнэ өсөх шалтгаан болдог. Гуравдугаарт, Монгол Улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ялангуяа шатахуун, эрчим хүч, эм тариа болон өргөн хэрэглээний барааныхаа дийлэнх хэсгийг гадаадаас импортолдог. Дөрөвдүгээрт, Төгрөгийн ам.доллар болон бусад гол валюттай харьцах ханш сулрах бүрт гадаадаас худалдаж авч буй барааны төгрөгөөр илэрхийлэгдэх үнэ автоматаар өсдөг. Тавдугаарт, орон нутгаас хот руу тээвэрлэх, хадгалах, түгээх  нийлүүлэлтийн шинжтэй зардал өндөр байх нь эцсийн хэрэглэгчид үнийн дарамж болоход шууд нөлөөлдөг.

Төсөв, мөнгөний уялдаагүй байдлаас үүдсэн инфляцын өсөлтийн уг углуурга нь явж, явж МАН өөрөө юм шүү дээ. 

Ж.Батжаргалд заах хичээл. Инфляц нь үндсэндээ дараах гурван шалтгаантай байдаг. Нэгдүгээрт, эрэлтээс үүдэлтэй өсөлт. Бүгд нэг барааг, манай тохиолдолд шатахуун. Бүгд нэг барааг авахыг хсүэж байхад тэр нь хангалттай хэмжээнд байхгүй бол нийлүүлэгчид үнээ нэмдэг. Хоёрдугаарт зардлаас үүдэлтэй өсөлт. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд, бензин шатахуун, цахилгааны эсвэл ажилчдын цалин өсвөл үйлдвэрлэгчид алдагдал хүлээхгүйн тулд эцсийн бүтээгдэхүүний үнийг нэмнэ. Гуравдугаарт, Мөнгөний нийлүүлэлт хэтрэх. Засгийн газар, Төв банк зах зээлт хэтэрхий их мөнгө хэвлэн гаргавал мөнгөний үнэ цэн буурч, барааны үнэ өсдөг.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top