АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн санал хураалт эхэлнэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн санал хураалт арваннэгдүгээр сарын 3-нд эхэлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн сурталчилгааны сүүлийн цагуудыг бүгд найрамдахчуудыг дэмжихийг уриалж, сонгогчдыг ятгахыг хичээв.

Санал асуулгуудаас үзвэл, Ардчилсан намд Төлөөлөгчдийн танхимд олонхын суудал авах шанс өндөр байна. Мөн Сенатад хяналтаа хадгалж үлдэнэ гэж найдаж байна.

Доналд Трамп Бүгд найрамдах намын найдвартай дэмжигч Флорида, Айова, Канзас мужийн сонгогчидтой уулзалт хийсэн нь санал хураалтаас өмнө бүгд найрамдахчууд эдгээр мужид байр сууриа хадгалж үлдэхийг хичээж буйг харуулжээ. Мөн Мичиган, Охайо, Пенсильвани зэрэг хэд хэдэн мужид намаас нь нэр дэвшигчдийг дэмжин, сонгуулийн сурталчилгаанд нь цахимаар оролцсон билээ.

Америкийн сонгогчид үнийн өсөлт, тэр дундаа Ираны эсрэг эхлүүлсэн дайнаас үүдэлтэй шатахууны үнийн өсөлтөд бухимдаж байгаа. Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдын анхаарлыг энэ асуудлаас холдуулж, Ардчилсан нам гарсан тохиолдолд Америк гэр бүлүүдийг “сүйрүүлнэ” гэж мэдэгдэж байв.

Хэрэв Ардчилсан нам Конгрессын аль нэг танхимд олонхын суудал авбал Трампын бодлого, үйл ажиллагааг сөрөн зогсох боломжтой болно. Энэ тохилдолд Трампын бүрэн эрхийн хугацааны сүүлийн хоёр жилийг ихээхэн өөрчлөх юм.

Харвардын их сургуулийн тооцооллын загварчлалаас үзвэл, Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болох магадлал 96 хувь, Сенатад 76 хувьтай байна.

Трампын хувьд энэ удаагийн сонгууль чухал ач холбогдолтой. Учир нь завсрын сонгуулийн үр дүн нь ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавьдаг гэж үздэг. Завсрын сонгуульд Цагаан ордныг хянаж буй нам сөрөг хүчиндээ голдуу ялагддаг түүхтэй. Тиймээс бүгд найрамдахчуудын эрсдэл өндөр тул Конгресс дахь хяналтаа авч үлдэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна.

Харин Ардчилсан намын хувьд олонхын суудал авснаар Трампын бодлогыг сөрөх, түүнийн засаг захиргааны үйл ажиллагааг шалгах, 2028 оны ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө өөрийн алсын харааг танилцуулах боломж юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top