Махчин үлэг гүрвэлийн цусны чулуужсан эсийг анх удаа олджээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Палеонтологичид Бразилын зүүн хойд хэсгээс махчин үлэг гүрвэлийн олдвор  илрүүлжээ. Нэг ясанд нь маш нарийн суваг, хялгасан судасны бүтэц, мөн дотроо гемоглобин агуулсан чулуужсан цусны улаан бөөм хадгалагдан үлдсэн байна. Энэ нь ийм төрлийн анхны олдвор болсныг Австралийн Кэртиний их сургуулиас мэдээлжээ.

Кэртиний их сургуулийн профессор Клити Грайсийн ярьснаар, 115 сая жилийн настай үлэг гүрвэлийн яснаас гемоглобины бүтэн молекулуудыг олсон нь түүхэн нээлт юм. Энэ нь эрт галавын үед мөхсөн амьтдын физиологийг судалж, үүн дээр үндэслэн тэдний амьдарч байсан орчныг илүү сайн ойлгох боломж нээгдэж байна.

Эрдэмтдийн хэлж буйгаар,  олон улсын палеонтологичид улаан эсийнх нь чулуужсан мөр хадгалагдаж үлдсэн үлэг гүрвэл болон Мезозойн эриний бусад хэвлээр явагчдын үлдэгдлийг хайж ирсэн байна. Өнөөдрийг хүртэл эрдэмтэд АНУ-ын тираннозавр, Монголын үлэг гүрвэлүүд, түүнчлэн Германы ихтиозавруудын ясны дотоод бүтцийг судлах явцдаа эдгээр эсүүд байсан байж болох шууд бус нотолгоонуудыг л олж авсан юм.

Харин Австрали, Бразил, АНУ-ын палеонтологичид Цэрдийн галавын эхний хагаст одоогийн Бразилын нутаг дэвсгэрт амьдарч байсан дунд зэргийн хэмжээтэй махчин аратозаврыг судлах явцдаа үлэг гүрвэлийн цусны бодит чулуужсан эсүүдийг анх удаа илрүүлжээ. Эрдэмтэд эдгээр олдворын яс доторх суваг, химийн найрлагыг нь тодорхойлж чадсан байна. Ясны зарим хэсгээс палеонтологичид шувууд болон хэвлээр явагчдын улаан эстэй төстэй боловч эзлэхүүн, өргөнөөрөө тэднээс хамаагүй том, дугуй хэлбэртэй бүтцүүдийг олжээ. Тэдгээрийн дотор амин хүчил, коллаген уургийн ул мөр, мөн төмөр агуулсан, хүчилтөрөгч зөөвөрлөх чадвартай гем болон түүнтэй төстэй нэгдлүүдийн молекулууд байсан байна. Энэ нь аратозаврын яс дотор цусны чулуужсан эсүүд байгааг баталсан юм.

Эрдэмтдийн тэмдэглэснээр, уг үлэг гүрвэл хүчилтөрөгч бараг үгүй ч манган давсны агууламж өндөртэй далайн гүехэн эрэгт үхэж, эсвэл булагдсантай холбоотой аж. Манган давс аратозаврын яс руу нэвтрэн орж, тэнд байсан цусны эсүүдийг тогтворжуулан, задарч устахаас хамгаалжээ. Тэдгээрийг үргэлжлүүлэн судлах нь палеонтологичид болон биологичдын үлэг гүрвэлийн амьдралын талаарх төсөөллийг мэдэгдэхүйц өргөжүүлнэ гэж судлаачид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top