Испанийн хөлбөмбөгч тоглолтын үеэр гэмтэж, улмаар амиа алджээ

Б.Сэцэн | Zindaa.mn
38 минутын өмнө

Испанийн хоёрдугаар лигийн Тенерифе клубийн довтлогч Хесус де Мигель тоглолтын үеэр эсрэг багийн хаалгачтай мөргөлдөж, хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авч чадалгүй амьсгал хураажээ. Орон нутгийн цагаар XI сарын 2-ны даваа гарагт Испанийн хоёрдугаар лигий ээлжит тойрогт Тенерифе клуб Андорратой учраа таарч тоглосон юм. Тус тоглолтын 90+6 дахь минутад Андоррагийн хаалгач Хесус Овонотой хүчтэй мөргөлдөж, ухаан алдсан байна.  Клубийн эмч нар яаралтай тусламж үзүүлэн биеийн байдал тогтворжиж, Тенерифийн эмнэлэгт хүргэгдсэн боловч нэг шөнийн дотор мэдрэлийн систем нь гэнэт доголдож амьсгал хураажээ. Шүүгчид тус тоглолтыг зогсоож, Оновод улаан хуудас өгсөн юм.

Болсон хэрэг явдлын дараа Хесус Овоно нийгмийн сүлжээний бүх хуудаснуудаа хааж, Мигелийн гэр бүлийнхнээс хүлцэл өчжээ. Гэвч Испанийн нийгмийн сүлжээнд түүнийг үзэн ядсан, заналхийлсэн, хариуцлага хүлээхийг шаардсан хандлага буурахгүй байна. Зарим хэвлэлийн мэдээлж буйгаар Хесус Овоно хөлбөмбөгөөс зодог тайлахаар төлөвлөж буй аж. Испанийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Гэвч прокурорын байгууллагын зүгээс спортын тэмцээний үеэр гарсан ослын улмаас эрүүгийн хэрэг үүсгэх магадлал тун ховор гэж үзэж байна.

Мигелийн амиа алдсанд Испанийн эзэн хааны хөлбөмбөгийн холбоо эмгэнэл илэрхийлэн Испанийн эзэн хааны цомын нэг тойргийн тоглолтыг хойшлуулаад байна. Түүнчлэн ирэх амралтын өдөр болох бүх лигийн тэмцээний эхэнд Хесус де Мигелийн дурсгалыг хүндэтгэхээр болжээ. Европын хөлбөмбөгийн холбоо Аваргуудын лигийн өчигдрийн тойргийн тоглолтуудын эхэнд Мигелийн дурсгалыг хүндэтгэсэн юм. Удахгүй болох Европа лиг болон Конференц лигийн тоглолтуудад ч дурсгалыг нь хүндэтгэх юм байна.

Хесус де Мигель нь 1996 онд төрсөн өдгөө 30 настай. Леганес клубийн хүүхдийн академид хөлбөмбөгийн ур чадварыг эзэмшсэн. Испанийн хөлбөмбөгийн 2-4 дүгээр түвшний багуудад тоглож байгаад 2025 онд Тенерифе клубт нэгдэж, улмаар 2025/26 оны улиралд тус клубийг 3-р лигээс 2-р лиг рүү дэвшихэд гол нөлөө үзүүлсэн тоглогч юм. Тэрээр өнгөрсөн улиралд Тенерифегийн төлөө 34 тоглолтод 11 гоол оруулсан байна.

Испанийн томоохон клубууд албан ёсоор эмгэнэл илэрхийлсэн. Мөн ПСЖ, Манчестер Сити зэрэг Европын хөлбөмбөгийн ертөнцийн томоохон клубууд ч эмгэнэл илэрхийлжээ. Лионель Месси, Киллиан Мбаппе, Ламин Ямаль зэрэг дэлхийн томоохон одод, Испанийн шигшээ багийн тоглогчид албан ёсоор эмгэнэл илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top