Сургуулийн орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангах төсөл хэрэгжүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
52 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ) хамтран хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Төсөлд Монгол Улсын Засгийн газраас нэг сая ам.долларын санхүүжилт нэмж олгох бөгөөд нийт ;дөрвөн сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлнэ.

“Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах” төслийн хүрээнд сургуулийн орчны аюулгүй байдлыг сайжруулах, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох, урьдчилан сэргийлэх бодлого, тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ.

ДӨРВӨН СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРЫГ АЮУЛГҮЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧИН БОЛГОНО

Төслийн хүрээнд дөрвөн сургуулийн дотуур байрыг аюулгүй байдал, хамгаалалт, гамшигт тэсвэртэй байдлын шаардлагад нийцүүлэн шинэчилнэ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг оролцуулан нийт 19,500 орчим сурагчид аюулгүй, ээлтэй суралцах орчин бүрдүүлэх юм.

Мөн 12 сургуульд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүнд:

-сСургалтын материал, хэрэглэгдэхүүнийг шинэчлэх;

- Багш, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх;

- Эцэг эх, асран хамгаалагч болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх;

- Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх;

- Хүүхдийг цахим орчин дахь дарамт, хүчирхийллээс хамгаалах цахим аюулгүй байдлын санаачилгуудыг хэрэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулна.

ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛНА

Хүчирхийллийн хохирогч, даван туулагчид болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, залуучуудад зориулсан урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, чадавхжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.

Үүний зэрэгцээ хүүхэд, гэр бүлтэй шууд ажилладаг багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон анхан шатны үйлчилгээ үзүүлэгч бусад ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлнэ.

Түүнчлэн эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бодлого, институцийн шинэчлэлийг дэмжиж, цахим орчинд шинээр үүсэж буй хүчирхийллийн хэлбэрүүдтэй тэмцэх механизмыг сайжруулахад анхаарна.

ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ

Төслийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн:

- 1 сая ам.долларыг Азийн хөгжлийн сан;

- 2 сая ам.долларыг Япон Улсын Засгийн газрын санхүүжилттэй “Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сан”-гаас санхүүжүүлнэ.

Үүн дээр Монгол Улсын Засгийн газрын 1 сая ам.долларын санхүүжилт нэмэгдэж, нийт 4 сая ам.долларын хөрөнгөөр төслийг хэрэгжүүлнэ.

Энэхүү төсөл нь хүүхэд бүр хүчирхийлэл, дарамтаас ангид, хамгаалагдсан орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах боловсролын салбарын оролцоо, чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top