Хүрээлэн байгаа орчны эсрэг хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Прокурорын байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шалгаж шийдвэрлэх, экологид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна.

Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Увс аймгийн прокурорын газар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн 14 хоногт буюу 2026 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацаанд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдээс тоймлон хүргэж байна.

Архангай аймгийн прокурорын газраас:​   

Ж.Б нь 2026 оны 8 дугаар сарын 26-наас 28-ны өдрийн хооронд Архангай аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн босоо мод 11 ширхэг, унанги мод 3 ширхэгийг тус тус цахилгаан хөрөөгөөр огтолж, 74 хэсэгт хуваан 1,261 м.куб мод ойд бэлтгэж, мөн газраас өөрийн хаваржаа хүртэл тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 249,132 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар мод бэлтгэх)-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

​Шүүхээс Ж.Б-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 460,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний үйлдлийн улмаас байгаль орчинд учирсан хохирол буюу 747,396 төгрөгийг гаргуулан Байгал орчин уур амьсгалын санд олгох, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 1,261 м.куб мод, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Киа Серес (Kia Ceres) загварын тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө зэргийг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн прокурорын газраас:​   

- П.Б нь Баянхонгор аймгийн ... сумын нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 05-наас 07-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан буюу газрын хэвлийд халдаж байгаль орчинд 2 сая төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээхтэй холбоотой 491.000 төгрөгийн хор уршиг учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох)-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс  П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техникийн үнэлгээ буюу 16 сая төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

- А.Г, Б.Г нар бүлэглэн 2026 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн ... сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал эрэн хайж, газрын хэвлийд халдан 0.79 грамм шар өнгийн металл буюу алт олборлосон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох)-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс А.Г, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 ширхэг металл хайгчийн үнэлгээ буюу 3.2 сая төгрөг, тээврийн хэрэгслийн (мотоцикль) үнэлгээ 2.5 сая төгрөг, нийт 5.7 сая төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, шүүгдэгч тус бүрийг 5.4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас:

- Д.Х  нь Сэлэнгэ аймгийн ... сумын нутаг дэвсгэрт 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор өөрийн эзэмшлийн экскаваторыг байрлуулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Д.Х-г хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцож, 5.4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

- Г.З, Ц.Ш, Г.Э, Б.М нар нь бүлэглэн Сэлэнгэ аймгийн ... сумын нутаг дэвсгэрт 2024 оны 6 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор эрэл, хайгуул хийх, техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж, хүрээлэн буй орчинд 762,332 төгрөгийн хор уршиг тус тус учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  (хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. 

Шүүхээс дээрх нэр бүхий 4 иргэнийг бүлэглэн Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5.5 саяас 6 сая төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, хүрээлэн буй орчинд учирсан 1.1 сая төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын зардал 344,332 төгрөгийг тус тус төлж барагдуулсныг дурдан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох 7.5 сая төгрөгийн үнэлгээ бүхий экскаватор 1 ширхэг, 630,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг ус татах төхөөрөмжийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Увс аймгийн прокурорын газраас:

- Б.Г нь Увс аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 6 ширхэг нойтон шинэс модыг хөрөө ашиглан бэлтгэж, иргэн Н.М-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улмаар ойн санд 328,444 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар мод бэлтгэх)-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

​Шүүхээс Б.Г-г Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ойн санд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж буюу 985,332 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдаад 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2 сая төгрөг, 40,000 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон нойтон шинэс модыг тус тус гаргуулж улсын орлого болгож, 6 ширхэг шинэс модыг тарьж ургуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

- Б.О, Э.Д нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр Увс аймгийн ... сумын  нутаг дэвсгэрт 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хууль бусаар металл илрүүлэх багаж ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

​Шүүхээс Б.О, Э.Д нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрийг  5.4 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.    

Ингэхдээ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.О-ийн эзэмшлийн 9 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, металл хайгч багаж, хэрэгсэл зэргийн үнэлгээ буюу 1.5 сая төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгожээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:​

- Ц.Ш нь 2026 оны 2 дугаар сарын 04-өөс 05-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Төв аймгийн нутаг дэвсгэрээс 140.9 кг “Нэн ховор ургамлын жагсаалт”-д багтсан хонин арц (Juniperus sabina)-ыг түүж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, улмаар ургамлын аймагт 71.1 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. 

Шүүхээс Ц.Ш-ийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар Завхан аймгийн .... сумаас гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнээс ургамлын аймагт учруулсан 71.1 сая төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top