Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

О.Должин | Zindaa.mn
40 минутын өмнө

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байгааг анхаарууллаа.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.

Өнөөдөр Завхан, Хөвсгөлийн зарим, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий, Дорнод аймгийн хойд сумдын нутгаар 0.0-4.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэх төлөвтэй.

Ихэнх нутгаар хүйтэрч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон зарим голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өмнөх өдрөөс 6 градусаар хүйтэрч, -1...-3 градус байна.

Багануур орчмоор: Цас орохгүй, үүлэрхэг байна. Салхи зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэх бөгөөд агаарын температур -2...-4 градус байна.

Тэрэлж орчмоор: Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, агаарын температур -4...-6 градус хүйтэн байна.

Иймд цас, цасан шуурга, салхи шуургатай холбоотойгоор замын нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй тул малчид, иргэд, тээвэрчид цаг агаарын мэдээг тогтмол авч, холын замд гарахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top