Сайд нар аа засаглаж чадах уу, Ерөнхий сайд аа?!

Б.Сэцэн | Zindaa.mn
33 минутын өмнө

Намын даргын сунгаанд танхимын ерөнхийлөгчийг далаар нь тавиад, гүйцэтгэх засгийн цулбуур атгасан Н.Учралд яг одоо танхимынхаа сайд нар аа засаглаж чадах легитим чанар байгаа эсэх нь эргэлзээтэй боллоо. “Би өргөн барьсан төсвөө өөрөө ч танихгүй болоод байна” гэж уулга алдсаныг нь харахаар байхгүй ч юм шиг. Ер нь ч тэгээд Н.Учралын засаг бүрдэхдээ л “хүсэлтийн хариу” гэдэг шиг фракц бүрээ тойглон, эвлүүлж угсарсан тоглоом шиг л байсан юм даа.

Ерөнхийлөгчийн өрөөнд Сангийн сайдтайгаа толгой бөхөлзөж буй бичлэг сошиалаар нэг “сэвэгдэв”. Ерөнхийлөгчийн хаягаар сэвэгдсэн энэ видео үүргээ гүйцэтгэж байх цаг дор Ерөнхий сайд засаглаж чадаж байгаа юу гэх асуулт урган гарсан юм. Н.Учралын Засгийн газрын Сангийн сайд З.Мэндсайхан “Ерөнхийлөгч чиглэл өгсөн тул хуульд өөрчлөлт оруулж таарах нь” гэв ээ. Ерөнхийлөгчийн чиглэлийг заавал хүлээн авах ёс байхгүй. Хуулиараа ч тийм. Гэтэл институт хоорондын бие даасан байдлыг уландаа гишгээд, Ерөнхий сайд нь “га” гэж дуугараагүй байтал “хууль өөрчлөх” тухай яриад эхэллээ.

Н.Учралын танхимын Сангийн сайд нь Ерөнхийлөгчөөс чиглэл аваад хууль өөрчлөх тухай ярьж байна.

Сангийн сайдын сагсалзахыг бүр больё. Улсын батлан хамгаалах салбарыг удирдаж буй Д.Батлут сайд нь “Армиа ч тэжээж чадахгүй байна” гэж бат нот гөрдөв. “Өөрийн цэргээ тэжээж чадахгүй бол өрөөлийн цэргийг тэжээнэ” гэж Наполеон хэлж байсан удаатай. Батлангийн сайд нь ингэж хэлсэн болохоор улсын нууц болохгүй байх. Гэхдээ батлангийн сайд яаж ч гөрдлөө гэсэн сүүлийн дөрвөн жилд батлан хамгаалах зардал хоёр дахин нэмэгджээ. Хамгийн сүүлд Чехийн талаас байлдааны хоёр ч онгоц авах болсон тухай мэдээлэл цацагдсан. Сүүлийн үед бараг нэг их наяд руу дөхсөн Батлан хамгаалахын зардлын дийлэнхийг цалингийн суурь өсөлт эзэлсээр байхад тэжээж чадахгүй гэдэг нь сайдын логик уу, уран фантаз уу.

Батлан хамгаалах зардал сүүлийн дөрвөн жилд өссөөр нэг их наяд төгрөг рүү дөхсөн ч Батлангийн сайд нь "Армиа ч тэжээж чадахгүй байна" гэж гөрдсөн. 

Д.Батлутын бат нот гөрдсөнийг бүр мартъя. Байгалийн сайд нь байгалиа бүү хэл, баавгай ч барьж дийлэхгүй болсныг хоёр сар хангалттай харлаа. “COP-17” гэж сүгсэлзсэн ч салбар яам нь засаглалын менежментгүй гэдгийг харж болохоор байв. Баавгайгаа 1986 оноос хойш тоолоогүй. Ховор учраас алж болохгүй гээд л байдаг тоолж, тооцоогүй өнөөг хүрч. “Уг нь баавгай одоо ичсэн байх ёстой” гэж Сандаг-Очир баавгайг загнах гэж үзнэ лээ. Шаардлагатай тохиолдолд устгах бууны тендер нь зарлагдсан одоо ч дуусаагүй байгаа. За үүний дараа Нөмрөгийн дархан цаазат газарт хууль давж сүгсэлзсэн нэг компани түймэр дэгдээж орхисон. “Амьд амьтны гарзгүй юм билээ” гэж шилээ маажсанаас хойш бараг сарын хугацаа өнгөрөг гэж байна. Оройтсон бороо гэдэг шиг ажлын хэсэг байгуулсан, одоо яг тооцон судалж байгаа. Баавгайн хувь заяа байгальд ч давтагдаж Нөмрөгийн дархан газрын амьтан, ургамлын тооцоо, тоолол хийгээгүй байж. Мега мөрөөдөл ярьж молиго үмхүүлдэг ч бодит байдал дээрээ тооцоо хийж чаддаггүй нь Нөмрөгийн асуудал дээр тодрон гарсан.

Байгалийн сайд нь байгалиа бүү хэл, баавгай ч барьж дийлэхгүй болсныг хоёр сар хангалттай харлаа.

Байгалийн сайдын байгаль хамгаалах чадамжийг бүр больё. Онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайдын асуудал байна. Гамшиг болмогц л хөмсөг зангидаж, бодит байдал ийм байна гэж шалтаг тооцсон сайдтай боллоо. Одоо яая гэхэв, бодит боломжоо харъя гэж байгаа нь сайшаалтай ч, онцгой байдлын онцгүй байдлыг мартмааргүй байна. Хүүхдийн осол эндэгдэл, ахуйн болон үйлдвэрээс шалтгаалсан түймэр дэгдэхэд өнгөрсөн хойно нь хөмсөг зангидах болов. Нөмрөгийн асуудал дээр хамгийн хойрго хандсан нь онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайд байлаа. Хэвлэл мэдээлж, хэзээ хойно нь “ийм асуудал болсон юм билээ” гэж мэдэгдсэн. Байгаа нөөцөөрөө хожим хойно нь аврагчид очсонч түймрээ тавьж туугаад, Хятадын элэг доог болоод дууссан. Хөл нүцгэн, гар хоосон ч сайд нь баян хэлтгий логик зөвхөн манайд л байдаг байх. Дараа нь “Оюу Толгой”-н гүний уурхайд газар хөдлөхөд “Оюу Толгой” үгүй гэж хөөсөн. Хөөсний дараа ажиллах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн ч өнөө хэр нь ямар арга хэмжээ авсан нь эргэлзээтэй байна. Уурхайн цооногт унасан бяцхан хүүг аварч чаддагүй манай төр гүний уурхайд ямархан ажиллагаа явуулах нь эргэлзээтэй.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд нь гамшиг, осол бүрийн араас "болохгүй, бүтэхгүй" тухай тоочих болсоор зургаан сарыг үдлээ.

Шадар сайдын шатсан мэдэгдлүүдийг анзаарахгүй өнгөрөөе. Гэхдээ Цахимын сайд нь, Хуулийн сайдтайгаа сошиал сүлжээг тушиж, хаачих гээд л байгаа юм. Соёлын сайдаас гулсангуутаа Цахимын сайд болж цахилсан Ч.Номин 16 нас хүрээгүй хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах хууль боловсруулж. Үүнийг Австрали анхлан хэрэгжүүлсэн ч бодит байдал дээр үр дүнгүй байгааг хэвлэлүүд нь бичиж байна. Учир нь тухайн платформ руу газар нутагт хандахыг хориглох ч элдэв VPN ашиглаад нэвтрэх дадал нь буурахгүй байгаа аж. Үүнийг Австралийн холбооны засаг захиргаа, цахимын яам, цагдаа, тагнуултайгаа нийлээд ч үр дүнгүй байгааг мэдээлэх болсон. Гэтэл манайх бэлэн баавгай, ургасан ургамлаа тоолж чадахгүй байж насанд хүрээгүй хүүхдүүдийг сошиалд хянах эсэх нь эргэлзээтэй. Хянах тогтолцоо, мэдээллийн дэд бүтэц, технологийн бэлэн байдлаа олж харахгүй бол сайн санаалсан хууль нь саар мууг дагуулах вий. МАН-ын непотизмын дараагийн анги Г.Тэмүүлэн ч “нэг хүн-нэг хаяг” гэдэг бодлого бариад хүн бүр нэг хаягтай байх дэлхийд байхгүй хууль санаачилсан. Аймшгийн баяраар барьсан энэ бэлэг нь угтаа том ах чамайг харна аа, олон юм онхолдвоо гэж айлгаад байгаа л хэрэг. Интернэтийн их далайд сошиал сүлжээ бол зөвхөн нэг хэсэг нь. Тролл армийг хамгийн турхирдаг нь улстөрчид атал нийгэмдээ нааж, нэг л хаягтай байна гэж автократ төрийн гаргадаг үйлдлийг МАН-ын непотенүүд гаргасаар байна.

Цахим орчныг МАН-ын непотизмууд чөдөрлөж, туших гээд байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй.

Цахим орчныг туших гээд байгааг санаад авъя. Одоо бүр хачин нэг зүйл байгаа нь ГБХНХ-ын сайд Т.Аубакирын үйлдэл байна. Тэрээр “Монгол хэл бичгийн дүрэм чинь амаргүй шүү дээ. Жишээлбэл эр үгийн “ы” орох юм уу, эм үгийн “ий” орох юм уу” гэсэн. Засаг захиргааны хувьд нэгдмэл Монгол Улсын сайд хүн ингэж байна. Урт эгшгээ хаана нь залгахаа мэддэгүй сайд төрийн залгамж чанарыг залгаад явах нь эргэлзээтэй. Өөрөө уншаагүй мөртлөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг УИХ-д оруулахдаа техникийн алдаа гаргаж том пакталж байлаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг алдаж тооцсоноос болж, улсын төсөвт цоорхой гарах дээрээ тулсныг урт эгшиг хаана нь залгахаа мэддэггүй энэ сайд мэддэг эсэх нь эргэлзээтэй.

Засаг захиргааны хувьд нэгдмэл улсын төрийн сайд нь монгол хэл амаргүй учраас урт эгшгээ олохгүй будилж байгаа тухай ярих болов.

Н.Учрал яг одоо засаг захиргаагүй сайд нар аа засаглаж чадаж байгаа юу. Хуультай бөгөөд журамтай, ёс суртахуунтай төр бол энэ сайд нартаа хариуцлага тооцох ёстой. Манайхаас өөр улсад бол ёс зүйн хариуцлага хүлээгээд албан тушаалаасаа огцорсон байгаа. Гэтэл одоо танхимынх нь сайд нар “намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гээд нүдэн балай, чих нь дүлий сууж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top