Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа.
Хурлыг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин нээж үг хэлэв. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, БНМАУ, ЗСБНХУ-ын баатар, сансрын нисгэгч, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа нар мэндчилгээ дэвшүүллээ.
Эрдэм шинжилгээний илтгэлийн хэлэлцүүлгийн эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков “Монгол-Оросын харилцаа: Баримт бичгүүд (1912–2026)” эмхэтгэлийг оролцогчдод танилцууллаа. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан уг бүтээлийг Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн Монгол Улсын Гадаад харилцааны яам болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр эмхэтгэн гаргажээ.
Хурлаар эрдэмтэн судлаачид ХХ зууны эхэн үеийн хоёр орны харилцаа, Монгол-Зөвлөлтийн 1921 оны гэрээ, Хиагтын түүх, архитектурын өв, цэргийн салбарын хамтын ажиллагаа, Зөвлөлтийн анхны монгол судлаачдын шинжлэх ухааны өвийн талаар илтгэл тавьж, санал солилцов.
Мөн Монгол-Оросын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, Хятад-Монгол-Оросын гурван талт харилцаан дахь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн боломж, архив, технологийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцлээ.
Хуралд Монгол, Оросын шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид, төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн төлөөлөл зэрэг нийт 90 гаруй хүн оролцов.
Арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо суугаа ЕКГ-аас Буриад Улсын ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарласан “Монгол-Оросын харилцааны түүх” зургийн уралдаанд шагналт байр эзэлсэн бүтээлүүдийн үзэсгэлэнг Гадаад харилцааны яаманд дэлгэн үзүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )