Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, байгаль орчны салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн хохирлыг тогтоох, экосистемийг нөхөн сэргээхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Нөмрөгийн дархан цаазат газар нь Их Хянганы нурууны баруун хойд хэсэгт оршдог, биологийн олон янз байдлын хувьд онцгой ач холбогдолтой нутаг юм. Энд гарсан түймрийн хор уршгийг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр бус, хөрс, ургамал, ой, зэрлэг амьтдын амьдрах орчин, экосистемд үзүүлсэн нийт нөлөөллөөр нь үнэлэх шаардлагатай. Цаашдын нөхөн сэргээлтийн ажил ч шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны судалгаа, мониторингт тулгуурлах ёстой.
Иймд БНХАУ-ын түймрийн дараах экологийн нөхөн сэргээлтийн туршлага, аргачлалыг судлах, хоёр улсын эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан хамтарсан судалгаа хийх, түймэрт өртсөн болон өртөөгүй газрын төлөв байдлыг харьцуулан үнэлэх, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулахад мэргэжлийн болон техникийн дэмжлэг авах санал тавилаа. Байгаль өөрөө нөхөн сэргэх боломжийг зөв үнэлж, хаана, ямар арга хэмжээ авахыг судалгаанд үндэслэн шийдэх нь чухал юм.
Мөн Монгол, Хятадын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв байгуулах ажлыг урагшлуулах, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.
Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол нэмэгдэж, иргэдийн амь нас, аюулгүй байдалд бодит эрсдэл учруулж байна. Үүнтэй холбогдуулан зэрлэг амьтдын хөдөлгөөнийг хянах, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах, амьтдыг аюулгүй барих, шаардлагатай тохиолдолд тохиромжтой нутагт шилжүүлэх техник хэрэгсэл, арга зүйг нэвтрүүлэх, байгаль хамгаалагчдыг сургаж чадавхжуулах чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.
Экосистем улсын хилээр хязгаарлагддаггүй. Хянганы нурууны байгалийг хамгаалах, Нөмрөгийн түймрийн хор уршгийг арилгах нь зөвхөн нэг дархан цаазат газрын асуудал бус, бүс нутгийн биологийн олон янз байдал, экологийн тэнцвэрийг хадгалахтай холбоотой асуудал юм.
Тиймээс хөрш орнуудын хамтын ажиллагааг бодит судалгаа, мэргэжлийн дэмжлэг, хэрэгжихүйц нөхөн сэргээлтийн ажлаар үргэлжлүүлэх нь чухал гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 2 )
no more china.....
D\nБараг хятадууд шатаасан юм биш үү, Японтой хамтраач, малнуудаа.