Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс тав дахь жилдээ аваргаллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
4 цагийн өмнө

БНХАУ-ын Шинтай хотод болж буй 100 буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд FMJD-ийн гишүүн 15 орны 348 тамирчин таван насны ангилалд өрсөлдөж байна.

Маргааш өндөрлөх тэмцээнийг Монгол Улсын баг тамирчид 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна.

Өмнө нь 2022, 2023, 2024, 2025 оны тэмцээнийг Монголын даамчид итгэл төгс тэргүүлж байсан бол  энэ жил ийн тав дахь удаагаа багийн дүнгээр алтан медаль хүртэх нь тодорхой болжээ. 

Сонирхуулахад, хоёр хоногийн өмнөх тоглолтод Өсвөр, залуучуудын ДАШТ-д нас өгсөж, залуучуудын ангилалд өрсөлдсөн Дэлхийн даамын холбооны мастер Эрдэнэсайханы Даариймаа (16 настай) 6 хожиж, 2 тэнцэж, нийт 14 оноо авсан амжилтаар үндсэн төрлийн тэмцээн өндөрлөхөөс нэг тавилын өмнө аваргалах болзлоо хангасан байна. 

”Алтан хүү” клубт Олон Улсын Их мастер Р.Манлай, спортын мастер Ц.Алтанхуяг нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаадаг тэрбээр ийнхүү Монголын даамчдаас өсвөрийн болон залуучуудын ангилалд дэлхийн аварга цолыг хоёуланг нь хүртсэн анхны тамирчин болов. Тэрчлэн залуучуудын дэлхийн аварга цолонд хүрсэн хоёр дахь даамчин (эхнийх нь 2023 онд Б.Мөнхжин) болсон. FMJD-ийн журам есоор Э.Даариймаа дээрх амжилтаараа Олон улсын мастер (MIF) цолны болзлыг хангаж байна.

Мөн энэ өдөр тэмцээний хамгийн бага нас буюу 8 хүртэлх насны охидын дүн гарч, “Элит” клубийн тамирчин ДМ Оюунболдын Гэгээ хүрэл медалийн болзол хангалаа. Түүний хувьд өнгөрсөн ДАШТ-ий блиц төрлөөс хүрэл медаль хүртэж байв. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top