Олон Улсын авто тээврийн харилцааны хамтарсан хорооны хурал амжилттай болж, протоколд гарын үсэг зурлаа

О.Должин | Zindaa.mn
7 цагийн өмнө

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Олон улсын автотээврийн харилцааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны хурал Улаанбаатар хотноо болж, талууд хурлын протоколд гарын үсэг зурлаа.

Хурлыг Монголын талаас Зам, тээврийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, БНХАУ-ын талаас тус улсын Зам, тээврийн яамны Тээврийн үйлчилгээний газрын дэд дарга Ян Юн нар ахалж, хоёр улсын автотээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэв.

Хурлын үеэр 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар хоёр улсын хилийн авто замын есөн боомтоор 94.5 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэсний 97 хувийг нүүрс эзэлж байгааг онцоллоо. Мөн таван боомтоор хоёр улсын хооронд 197,218 зорчигч зорчсон үзүүлэлтийг танилцуулав.

Талууд TIR тээвэрлэлтийг хөгжүүлэх, автотээврийн зөвшөөрлийн бичгийн тоог нэмэгдүүлэх, 2027 оны зорчих зөвшөөрлийн бичгийг солилцох асуудлаар санал нэгдсэн байна. Түүнчлэн Монгол Улс НҮБ-ын “Харилцан тохиролцох ачааны баримт бичгийн тухай конвенц”-д нэгдэхээр ажиллаж буйг танилцуулжээ.

Үүнээс гадна Азийн автозамын сүлжээний АН-4 чиглэлээр Киргизстан, Казахстан, Узбекистан болон бусад улс руу тээвэрлэлт хийх боломжийг хэлэлцсэн байна.

Мөн БНХАУ-ын гаалийн хяналтын бүсэд нэвтрэх карт боомт бүрээр тусдаа олгогддог асуудлыг шийдвэрлэхээр тохиролцжээ.

Хурлын үр дүнд хоёр улсын тээвэрлэгчдэд таатай нөхцөл бүрдэх олон тохиролцоонд хүрсэн бөгөөд, зах зээлийн шударга, эмх цэгцтэй дэг журам бэхжинэ гэдгийг талууд онцлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top